Хэлмэгдэгчдийн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгө олгоно
Одоогоор 400 орчим иргэн уг нөхөх олговрыг авахаар байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан. Тэр цагаас хойш цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг гурван удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн удаа сунгажээ. Харин уг хуульд заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2011 онд дуусгавар болсон байна. Учир нь 2009 онд тус хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш гурван жилийн хугацаанд нөхөх олговрын нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийн гишүүд болох 18178 иргэнд улсаас 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор олгоод байгаа аж. Мөн амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр эсвэл нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгоод байгаа юм байна.
Харин УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу лах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.
Одоогоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхэд болох 400 орчим иргэн байгаа. Гэхдээ тэдний доод тал нь 80-аас дээш настай юм. Бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох боломж нь хязгаарлагдах, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдох зэргээр амьдралаараа хохирол амссан гэж тэднийг үздэг. Эдгээр иргэдийн тоо цаа шид төдийлэн нэмэгдэхгүй учир хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэг удаагийн нэмэлт нөхөх олговор олгохоор уг хуулийн төсөлд тусгажээ.
Тодруулбал, өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгасан байна.
Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах болон нөхөх олговор олгох хугацааг хуулийн төсөл батлагдсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд байна. Ингэснээр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж байгаа хэргийг шалгаж дуусгах, цагаатгах, нэхэмжлэл гаргах, нөхөх олговор зэрэг асуудал шийдвэрлэгдэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй