Гоц халдварт өвчин махны экспортыг чангааж байна
Мэдээ
Энэ онд малын түүхий эдийн үнэ хамгийн доод түвшинд байлаа
Монгол Улсын мал аж ахуйн салбар нь ДНБ-ий 13.7 хувь буюу 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн анхан шатнаас үйлдвэрлэдэг. Улмаар экспортод 333.2 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргадаг аж. Энэ нь нийт экспортын орлогын 7.1 хувь.
Харин тус салбарын сайд П.Сэргэлэнгийн УИХ-ын чуулганд хийсэн мэдээллээс харвал энэ онд өнөөдрийн байдлаар дөнгөж 5.1 мянган тонн махыг экспортлоод байгаа юм байна. Худалдааны хориг бүхий малын гоц халдварт гурван төрлийн өвчин гарсан. Энэ нь махны экмпортын хэмжээг хойш нь чангаах гол шалтгаан. Тиймээс мал, аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бэлтгэлийн сайн тогтолцоо бий болгох шаардлага байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээлэлдээ дурдсан юм.
Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлохын тулд мал, эмнэлгийн тогтолцоог сайжруулах шаардлагатайг Их хурлын гишүүд хэлж байлаа.
Түүнээс гадна импортын хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг мөн хэлж байсан юм. Сүүлийн жилүүдэд манай улсын малын тоо толгой дараалан өсөж, 2015 оны эцсийн байдлаар 56 сая тоо толгойд хүрсэн. Үүнийг хонин толгойд шилжүүлэн тооцохоор 93.8 сая гэсэн үг аж. Энэ бол нийт бэлчээрийн даацаас хавьгүй хэтэрсэн тоо аж. Иймд мал аж ахуйг эрчимжүүлэх, илүү боловсронгуй болгох чиглэлээр онцгойлон ажиллах шаардлагатай. Эдийн засгийн эргэлтэд хурдан оруулах шаардлага бий болжээ.
Түүнээс гадна 2015 оны байдлаар нийт үйлдвэрлэсэн сүүний 7.3 хувь, бэлтгэсэн махны 1.9 хувь, хонины ноосны 4.8 хувь, ноолуурын 5.6 хувь, хонь, ямааны арьсны 29.4 хувийг дотоодын үйлдвэрүүд боловсруулсан гэх статистик мэдээлэл байна.
Мөн малын гаралтай яс, эвэр, туурай, дотор эрхтэн зэрэг түүхий эдүүдэд ямар ч боловсруулалт хийгдэхгүй, хаягдсаар байгаа.
Харин өнгөрсөн оны байдлаар нийт бэлтгэсэн хонины ноосны 44 хувь, ямааны ноолуурын 56 хувийг боловсруулалгүй экспортолжээ. Мал аж ахуйн голлох түүхий эд болох мах, сүү, арьс, шир, ноосны үнэгүйдэл энэ оны хувьд хамгийн доод түвшинд хүрсэн. Элдэв төрлийн өвчин ихсэж байгаа зэрэг нь тус салбарын эдийн засгийн боломжийг боомилж, малчдын орлогыг бууруулах эрсдлийг бий болгож байгааг гишүүд сануулж байлаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй