
Сонгуулийн сурталчилгаа 27-ны өдрийн 24.00 цагт дуусна
Сонгуулийн сурталчилгаа даваа гарагийн буюу зургадугаар сарын 27-ны өдрийн 24.00 цагаар дуусгавар болж байна. Сонгуулийн сурталчилгаа дуусаж байгаатай зэрэгцээд өрсөлдөгч намууд нэг нэгнийхээ эсрэг чиглэсэн мэдээлэл цацах нь эрчимжих хандлагатай байгаа аж. Тухайлбал МАН-ын удирдлагуудын гэх аудио бичлэгийг МАХН-аас цацжээ. Үүний дараа АН болон МАН байр сууриа хамгаалж мэдэгдэл хийгээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Төрийн Албаны Зөвлөлөөс мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдэлд "Олон нийтийн анхаарлыг татсан энэхүү асуудал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дахин нотлон харуулж байна" гэж дурдсан байна. Мөн "Төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлэх, Төрийн албыг улс төржүүлэх зэрэг аливаа үзэгдэлтэй тууштай тэмцэнэ. Олон мянган Төрийн албан хаагчдынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалж, тэдгээрийг тогтвор суурьшилтай байлгах талаар хатуу байр суурьтай ажиллах болно гэж онцолжээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар хуурамч буюу худал мэдээ, мэдээлэл тараасан, нийтэлсэн, цацсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол сонгуульд зарцуулсан хөрөнгийг нь гэм буруутай этгээд нөхөн төлнө гэж заажээ. УИХ-ын ээлжит сонгуульд 498 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд ялангуяа энэ удаагийн сонгуульд 69 хүн УИХ-д бие дааж нэр дэвшсэн нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад хамгийн өндөр дүнд тооцогдож байгаа юм. Хэдий тийм боловч нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтийн мэдээлэл хаалттай хэвээр байна гэж Төрийн бус байгууллагын ажиглагчид дүгнээд байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй