Марио Драги: Дефляцийг ялсан гэж зарлахад хэтэрхий эрт байна

Мэдээ

Европын Төв банкны тэргүүн Марио Драги "Дефляцийг ялсан гэж зарлахад хэтэрхий эрт байна" гэдгийг онцоллоо. Мөн "Хэдийгээр эдийн засгийн өсөлт эрчимжиж байгаа боловч бонд худалдан авах хөтөлбөрийг эцэслэх хугацааг дахин тодотгоно" гэж мэдэгдсэн байна. Европын Төв банкны хувьд ирэх есдүгээр сарын эцэс хүртэл сард 30 тэрбум еврогийн бонд худалдан авах төлөвлөгөөтэй байгаа юм. Страсбургт Европын Парламентад хандсан мэдэгдэлдээ тэрбээр “Эдийн засаг цаашид тогтвортой өсөж, инфляц Төв банкны зорилтот хоёр хувьд хүрнэ” гэдгийг дурджээ. Түүнчлэн Марио Драги "Евро бүсийн эдийн засаг тогтвортой өсөж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт боломжит болон бидний таамаглаж байснаас өндөр гарч, эрчимжиж байна. Хэдийгээр инфляц зорилтот түвшнээс доогуур байгаа ч хоёр хувьд ойртож байна. Хэдий тийм боловч бид дефляцийг ялсан гэж зарлахад одоогоор хэтэрхий эрт байна. Ерөнхийдөө бид мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц зорилтот түвшинд хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байх хэрэгтэй юм" гэсэн байна.

Үүнээс гадна тэрбээр "Хатуу нөхцөлтэй BREXIT-ийн хэлэлцээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй" гэдгийг анхааруулсан аж. "Өөрөөр хэлбэл Их Британи Европын Холбоотой шилжилтийн хэлэлцээрт хүрч чадахгүй бол Төв банк учирч болзошгүй эрсдэлд бэлэн байх ёстой" гэж мэдэгджээ. Түүнчлэн "Английн Төв банктай илүү ойр хамтарч ажиллах нь санхүүгийн салбар дахь BREXIT-ийн сөрөг нөлөөг бууруулахад дэмжлэг болно" гэж тэрбээр үзэж байгаа аж.




САНАЛ БОЛГОХ