Улаанбаатар хот агаарын бохирдлоос салах бүрэн боломжтой

Байр суурь


Хотыг бүх талаас нь хөгжүүлснээр агаарын бохирдолтой тэмцэнэ


Улаанбаатарын утаа зөвхөн нийслэлчүүдийн асуудал биш болсон. Улс орны нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд ч ихээхэн хохирол учруулж буй. Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн учруулж буй хор уршиг болон утаанаас салах арга замын талаар АНУ-ын Berkeley дэх California-гийн их сургуулийн Байгаль орчин, эрүүл мэндийн ШУ-ны профессор Кирк Смиттэй ярилцлаа.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаарх судалгааг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-2011 оноос хойш судалж байна. Агаарын бохирдол буурахгүй байгаа гол шалтгаан нь нийслэлийн гэр хорооллын цар хүрээ тэлж байгаатай холбоотой. Агаарын бохирдлын 70 хувь тэндээс гардаг. Энэтхэг улс мөн агаарын бохирдол ихтэй. Гэхдээ гэр хорооллын гаргаж буй утаа нийт бохирдлын 25 хувийг эзэлдэг. Харин БНХАУд 30 хувийг нь гэр хорооллын утаа эзэлж байгаа. Тэгэхээр нүүрс, мод түлж гэрээ халааж, бусад хотуудаас 2-3 дахин их бохирдол гаргаж буй гэр хорооллыг багасгах хэрэгтэй байна. Тэгж байж утаа буурч, хүн амын дундах өвчлөл буурах боломжтой.

-Өвлийн гурван сард Улаанбаатар хот утаанд хучигддаг. Тэгэхээр бүхэл бүтэн 90 хоногийн турш бохирдсон агаараар амьсгалж байхад эрхтэн систем гэмтэж, өвчлөлд нэрвэгдэхээс ч аргагүй байх?

-Улаанбаатар хотын иргэдийн дунд уушгины хавдар, зүрхний өвчлөл, астма түгээмэл тохиолдож байгаа бол бага насны хүүхдүүд хатгалгаанаас салж чадахгүй байна. Мөн цусны даралттай хүмүүс маш их болсон. Энэ нь бохирдсон агаараар амьсгалж буйгаас шалтгаалдаг. Харин жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд хэвлий дэх ургийн жин багасахад нөлөөлж буй. Түүнчлэн Улаанбаатар хотод амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийн зарим нь бохирдолтой агаараар амьсгалахаас гадна тамхи их татдаг. Агаарын бохирдол ургийн жинг 30 граммаар багасгадаг бол тамхины хэрэглээ нь урагт хэд дахин их буюу 225 граммаар бага жинтэй төрөхөд хүргэж байна. Мөн гэр бүлийн аль нэг гишүүн нь тамхины хэрэглээтэй бол тухайн орчинд хамт амьдарч буй жирэмсэн эмэгтэйн хэвлий дэх ургийн жинг 40 граммаар багасдаг. Ингээд бодохоор Улаанбаатар хотод төрж буй хүүхэд бүр дунджаар 30 граммаар дутуу жинтэй төрж байгаа юм. Энэ нь хүүхдийг суурь өвчтэй, өвчлөмтгий, нас богино болгодог.

• Улаанбаатар хотод төрж буй хүүхэд бүр дунджаар 30 граммаар дутуу жинтэй төрж байгаа юм. Энэ нь хүүхдийг суурь өвчтэй, өвчлөмтгий, нас богино болгодог.

• Агаарын бохирдлыг 10 жилийн дотор арилгах боломжтой. Энэ нь ганцхан гэр хорооллыг ч биш хотыг бүх талаас нь хөгжүүлэх байдлаар тэмцэх хэрэгтэй гэсэн үг.

• Гэр хорооллоос гарч буй утааг шийдвэрлэж чадах л юм бол хотын агаарын бохирдлын 70 хувийг арилгах бүрэн боломжтой.

-Судалгаагаа анх эхлүүлсэн үеийг одоогийн нөхцөл байдалтай харьцуулбал хүн амын дундах өвчлөл ихсэж, нөхцөл байдал хүндэрсэн байна уу?

-Хүн амын дундах өвчлөл буураагүй ч, их хэмжээгээр нэмэгдээгүй. Харин төрөл зүйлийн хувьд олширсон. Цус харвалт, цусны даралт ихсэх, астма залуужсан. Өнөөдөр 20 ч хүрээгүй залуучууд цус харвалтын улмаас насан туршдаа ямар нэг эмгэгтэй болж байна. Агаарын бохирдлын нөлөө хурдан биш маш удаан хугацаанд аажмаар хүн амын эрүүл мэндийг хохироодог. Агаарт буй жижиг ширхэгтэй тоосонцор уушгины гүнд нэвчиж, хуримтлагдсанаар уушгийг гэмтээдэг. Хүний бие эрхтэн гаднаас орж ирж буй хортой нэгдлээс өөрийгөө хамгаалахын тулд химийн бодис ялгаруулдаг. Энэ нь эргээд цусаар дамжин зүрхэнд хүрдэг. Тэгэхээр агаар дахь тоосонцрын хэмжээ том, жижиг байхаас үл хамааран хүний бие эрхтэн бохирдолтой агаараар амьсгалснаар дотроосоо өөрийгөө гэмтээж байна гэсэн үг юм.

-Улаанбаатар хот агаарын бохирдлоос салахын тулд утаагүй зуух, сайжруулсан түлш хэрэглэсэн боловч үр дүн гараагүй. Эцэст нь аргаа барахдаа агаар шүүгчтэй маск хүртэл тараасан?

-Улаанбаатар хот Дели, Бээжин хотыг бодвол агаарын бохирдлоос хурдан хугацаанд салах боломжтой. Учир нь Улаанбаатар хотын агаар зөвхөн гэр хороолол, автомашин, станц зэрэг дотоод хүчин зүйлээс болж бохирдож байна. Харин Дели, Бээжин хотын хувьд улсын хэмжээнд өргөн хүрээний арга хэмжээ хэрэгжүүлж, улсынхаа бодлогоор утаатай тэмцэж агаарын бохирдлыг бууруулсан. Учир нь тус хотуудын утаа бусад хотоос буюу гаднаас орж ирдэг. Харин Улаанбаатар хотын хувьд дотроосоо агаараа бохирдуулдаг. Иймд хотын иргэдийн өдөр тутмын амьдралд өөрчлөлт оруулах шаардлагатай. Бидний хийсэн судалгаагаар 10 жилийн дотор агаарын бохирдлыг арилгах боломжтой. Энэ нь ганцхан гэр хорооллыг ч биш хотыг бүх талаас нь хөгжүүлэх байдлаар тэмцэх хэрэгтэй гэсэн үг. Тухайлбал, хилээр оруулж ирж буй автомашинд хязгаар тогтоож, он залуу автомашин оруулж ирэх, шинээр цахилгаан станц барихдаа утаа шүүгч заавал хийх зэрэг олон арга бий. Ерөнхийдөө гэр хорооллоос гарч буй утааг шийдвэрлэж чадах л юм бол хотын агаарын бохирдлын 70 хувийг арилгах бүрэн боломжтой. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулж байгаа нь энэ гээд үнэгүй юм тараагаад байж болохгүй. Улсаас тодорхой хэмжээгээр хөнгөлөлт үзүүлээд үлдсэн зардлыг иргэдээс өөрсдөөс нь авах хэрэгтэй. Үнэгүй зүйлд хүн хайхрамжгүй ханддаг тул сайн мууг тэнцүүлэх л хэрэгтэй.

-БНХАУ саяхныг хүртэл агаарын бохирдолтой байсан ч асуудлаа шийдэж чадсан. Тэдний туршлага дээр үндэслэн хийн насосыг Улаанбаатар хотын гэр хорооллын зарим өрхөд туршиж байгаа гэсэн?

-Тийм ээ. Монголчуудын зарим нь гэрт, суурин биш нүүдэлчин амьдралтай. Энэ нь утааг бууруу­ лахад бага зэрэг бэрхшээл болж байгаа. БНХАУ-ын гэр хорооллын өрхүүдийн хэрэглэж буй хийн зуухнаас өнөөдрийн байдлаар долоог оруулж ирэн туршиж байна. Туршилт маш амжилттай байгаа. Цаашид судалгаагаа үргэлжлүүлж, 500 өрхөд хийн насос тавихаар төлөвлөсөн.

-Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Гэтэл яагаад манайхаас өөр зөөлөн, дулаан уур амьсгалтай БНСУ, БНХАУ- д хэрэглэдэг хийн насосоор халаалтыг шийдвэрлэх аргыг туршиж байгаа юм бэ?

-Монголд хий үйлдвэрлэх боломжтой. БНСУ, БНХАУ гэр хороолол, орон сууцны халаал­ тыг хийн насосоор шийдвэрлэсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэг байдлаар хаягдал гаргахгүйгээр дахин боловсруулж түүнийгээ өдөр тутмын амьдралдаа ашиглаж буй хэрэг. Нэг ёсондоо байгальд ээлтэй гэсэн үг л дээ. Нэг үгээр хог хаягдлыг ангилж хаядаг болчихвол түүнийг дахин боловсруулж хий үйлдвэрлэж, улмаар гэр хорооллын өрхийн халаалтад хэрэглэх боломжтой. Хий гаргаж авах маш олон арга бий.

-Гэр хорооллын өрхийн орло- год хэр нийцэж байгаа вэ. Үнэ хашийн хувьд гэр хорооллын өрх худалдан авах боломжтой юу?

-Нэг ширхгээр авбал мэдээж үнэтэй. Одоогийн байдлаар судалгааны зориулалтаар хэрэглэж байгаа болохоор үнэтэй тусаж байгаа. Харин олон тоогоор авбал хямд авах боломжтой. Энэхүү хийн түлшинд зарцуулах төлбөр нь нэг өрх жилд зарцуулдаг нүүрсний хэрэглээтэй тэнцэнэ. Түүнээс ч бага байх боломжтой.

-Нэмж 500 өрхөд суурилуулах юм бол хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Одоогийн байдлаар өөрсдөөсөө хөрөнгө мөнгө гаргаад байна. Цаашид суурилуулах хийн насост зарцуулах хөрөнгийг Азийн хөгжлийн банкнаас орж ирэх 130 сая ам.доллараас багахан хэсгийг уг төсөлд зарцуулахыг Монголын Засгийн газраас хүсэж байгаа.




САНАЛ БОЛГОХ