Алаг тахь яагаад судалтай байдаг вэ? Судлаачид нээлт хийв

UB Info

Африкийн зэлүүд догшин тал нутагт өвсөн тэжээлтэн байна гэдэг тун ч амаргүй зүйл билээ. Тэр тусмаа тахь гэдэг амьтан шиг алаг эрээн тод арьстай амьтдын хувьд махчин араатнуудын нүдэнд илүү амархан тусдаг болохоор амьдрахад бүр ч хэцүү байдаг. Гэхдээ тахинд байдаг алаг судлууд үнэн хэрэгтээ тэдэнд давуу тал болдог байж ч мэдэхээр юм.

Хар цагаан алаг судлууд нь хүн болон амьтныг хаздаг шавжуудаас хамгаалдаг гэдэг хачирхалтай фактийн талаарх судалгааг “The Royal Society” –аас гаргажээ. Судалгааны үр дүнд биеэ хар цагаан өнгөөр будаж, судалтай болсон хүн хортон шавжуудад 10 дахин бага хазуулдаг болох нь тогтоогдсон аж.

Африк, Австрали, Папуа Шинэ Гвиней, Хойд Америк зэрэг орнуудад аж төрдөг байсан овог аймгийн уугуул хүмүүс тодорхой ёслол, зан үйл үйлдэж байхдаа биеэ хар цагаан судлаар буддаг байсантай холбогдуулан эрдэмтэд дээрх санааг үргэлжлүүлэн судлахаар сэтгэл шулуудах болсон юм. Мэдээж соёлын ялгаатай байдлаас шалтгаалан өөр өөр омгийн хүмүүс ондоо хээтэй судлуудыг бие дээрээ зурдаг байсан нь тодорхой. Гэхдээ нийтлэг зорилго нь хортон шавжуудаас хамгаалах байсан гэдгийг яавч үл тоож болохгүй хэмээн судлаачид маргасаар байна.

Хортон шавжууд буюу морин хэдгэнэ, хөхтүрүү, соно зэрэг нисдэг шавжууд нь ердөө хатгаад, загатнуулахаас илүү асуудал тарьж мэдэх аюултай билээ. Нэн ялангуяа эмэгчин шавжууд нь цусаар дамжин халдварлах янз бүрийн өвчинг амьтдад тараах эрсдэлтэй тул шавжуудаас өөрийгөө хамгаалах нь амь насаа хамгаалж буйгаас ялгаагүй гэж ойлгож болох нь ээ.

Унгарын “Etvos Lorand” Их сургуулийн биологийн физикийн тэнхимийн төлөөлөгч Гораб Хорват “Алаг судлууд нь хортон шавжуудыг эсэргүүцдэг шинж чанартай гэдгийг овгийн хүмүүс мэддэг байсан нь тодорхой боллоо.” Хэмээн тэрээр AFP мэдээллийн агентлагт дурджээ.

Мөн тэрбээр “Биеэ судалтай болгож гадны аюулаас өөрийгөө хамгаалж буй уг үйлдэл нь байгаль орчны дасан зохицол болон зан үйлийн эволюц хэрхэн явагддагийн тод томруун жишээ юм.” Гэжээ.

Алаг судлуудын нөлөөг илүү дэлгэрүүлж судлах үүднээс шинжээчид хиймэл манекенууд дээр туршилт хийхээр болов. Хар арьстай нэг, цайвар арьстай нэг, алаг судалтай нэг гээд нийт 3 манекенийг Унгарын Szokolya тосгоны бэлчээрт бүтэн зуны хугацаанд орхижээ.

Эцэстээ судалгааны багийнхан талбайд буцаж ирэх үед хортон шавжуудад хамгийн бага хазуулсан манекен нь алаг судалтай нь байж таарсан юм.

Харин ялаа шавжууд чухам яагаад алаг судлаас цааргалдаг шалтгааныг судлаачид илүү цааш судалсан бөгөөд орчин үеийн технологи хэрэгслүүдийг ашиглан шинжилгээ хийгээд үзтэл алаг судал нь гэрэл цацрагийг хаа хамаагүй зүгт ойлгох нь харьцангуй бага байдагтай холбоотой байдаг ажээ. Нэг ёсондоо гаднаас ирэх гэрэл цацраг нь цулгуй өнгөтэй бие дээр тусаад бүхий л зүгт ойсноор нисэж буй ялаа шавжуудын анхаарлыг татахад хүргэдэг юмсанж.

САНАЛ БОЛГОХ