Питер Морроугийн нэрэмжит “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

UB Info

Монголын авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжиж, бүтээлээ дэлхий нийтэд танилцуулах ховорхон боломж олгодог “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг уламжлал ёсоор зарлаад байна. ХААН Банкны нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ХААН Банкны Гүйцэтгэх захирал, МУЗ-ийн Дэд тэргүүн агсан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс санаачлан хэрэгжүүлж буй билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жилд нэг шилдэг уран бүтээлчийг сонгон шалгаруулж, олон улсын томоохон үзэсгэлэн, наадамд оролцуулахад тэтгэлэг олгодгоороо онцлог юм. Энэ жилийн тухайд “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг уран бүтээлч Нидерландын Вант улсад 2019 оны 9-р сарын 19-22-нд болох 15 дахь удаагийн “TodaysArt” олон улсын наадамд оролцохоос гадна ХААН Банкны ХААН Галерейд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй гаргах эрхтэй болох юм.

Тэтгэлгийн хүрээнд шилдэг уран бүтээлчийн Нидерланд руу зорчих замын зардал, байр, унааны зардлыг бүрэн хариуцна. “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн энэ жилийн онцлог нь дуу авианы урлаг буюу Sound art & sound installation төрлөөр бүтээл туурвидаг, 25-45 насны мэргэжлийн уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаад буй. Сонгон шалгаруулалтад өгөх бүтээл нь 2018 оноос хойш бүтээгдсэн, бүрэн гүйцэтгэлтэй байх төдийгүй тухайн уран бүтээлч өөрийн дэлгэрэнгүй намтар, бүтээлийнхээ ерөнхий танилцуулгыг англи хэл дээр бичиж ирүүлэх ёстой юм.

Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа:
2019 оны 9-р сар 19-22-нд, TodaysArt Олон Улсын Наадам, Нидерландын Вант Улсын Хааг хот
2019 оны 11-р сард, ХААН Галерейд, Улаанбаатар хот

Урлагийн төрөл: Дуу авианы урлаг (Sound art & sound installation)

Сонгон шалгаруулах шалгуур:
Бүтээл нь 2018 оноос хойш хугацаанд бүтээгдсэн, бүрэн гүйцэтгэлтэй байх
25-45 насны бүтээлч, чадварлаг, мэргэжлийн уран бүтээлч байх
Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай байх
Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно

Сонгон шалгаруулалт: Хөтөлбөрийг уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлах ба хүлээн авсан маягтад тулгуурласан шалгаруулалтыг МУЗ-ийн төлөөлөл, ХААН Банк Сангийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал:  /Зөвхөн англи хэл дээр ирүүлэх/
1. Уран бүтээлчийн дэлгэрэнгүй намтар
2. Уран бүтээлийн ерөнхий танилцуулга /фото зураг, видео болон бүтээлийн тайлбар/

Өргөдлийг холбогдох материалын хамт 2019 оны 6-р сарын 3-ны өдрийн дотор culture@artscouncil.mn хаягаар хүлээн авна. Шалгаруулалтыг ХААН Банк Сан болон Монголын Урлагийн Зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2019 оны 6-р сарын 11-нд олон нийтэд зарлана. Хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

(Жич: Олон улсын наадамд оролцохоор шалгарсан уран бүтээлчийн тухайн улсад зорчих виз мэдүүлэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлэхэд зохион байгуулагчдын зүгээс хамтран ажиллах боловч визний баталгаа өгөх боломжгүй болно)

Дэлгэрэнгүй мэдээллийг 319017, 319015 утсаар холбогдон авна уу.

САНАЛ БОЛГОХ