Сонгуультай холбоотой 140 хэргийг шийдвэрлэв
Мэдээ
Эрүүгийн хэргийн улмаас найман тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ
2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой нийт 159 гомдол анхан болон давж заалдах шатны шүүхэд ирсэн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны референт Т.Түмэнцэцэг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Үүнээс 140 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Харин үлдсэн 19 хэргийг хянаж байгаа гэв. Тодруулбал, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сонгуулийн маргаантай холбоотой 72 нэхэмжлэл ирснээс 66-г шийдвэрлэжээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүхэд 87 гомдол ирснээс 77-г нь шийдвэрлэсэн байна.
Гомдлын дийлэнх хувийг сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хууль зөрчсөн, сурталчилгааны самбар буулгасан зэрэг гомдол эзэлж байгаа аж. Мөн нэрсийн жагсаалттай холбоотойгоор сонгуулийн байгууллагын тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт ихээр ирсэн байна. Сонгуулийн маргаан өнгөрсөн 2012 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуультай харьцуулахад өссөн үзүүлэлттэй. Харин сонгуулийн маргаанаас үүдэн нэр дэвшигчийг эргүүлэн татсан шийдвэр гараагүй байна. Ихэвчлэн торгуулийн ял оногдуулжээ.
ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРАВ
Монгол Улсын шүүх энэ онд нийт 2636 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 2971 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 26.1, ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Ийнхүү гэмт хэргийн гаралт буурсан нь Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэв. Гэмт хэргийн улмаас нийтдээ найман тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 249 хүний амь нас хохирч, 1124 хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТОО 1209 ХЭРГЭЭР ӨСЧЭЭ
Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ онд нийт 33254 нэхэмжлэл, гомдол хүлээн авснаас 21242 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн тоо өмнөх оноос 1209 хэрэг буюу зургаан хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах-худалдан авах гэрээний маргаан 708, зээлийн гэрээний маргаан 457, хамтран ажиллах гэрээний маргаан 64 хэргээр өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн захиргааны хэргийн тоо 5.1 хувиар өсөв.
Тодруулбал, улсын хэмжээнд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 1794, нэхэмжлэл хүлээн авч 686 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн тоо ийнхүү жил дараалан тогтмол өсч байгаа нь иргэд төрийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг шүүхийн журмаар шийдвэрлүүлж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх эрх зүйн ухамсар, соёл дээшилж байгаатай холбоотой хэмээн тайлбарлав.
Дашрамд дурдахад, Монгол Улсын шүүхээс энэ оны хагас жилд нийт зургаан тэрбум гаруй төгрөгийг Төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна. Харин улсын тэмдэгтийн хураамжаар таван тэрбум 698.5 сая төгрөгийг төрийн санд оруулжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй