Зүүн хойд Азийн санхүүгийн төв болгох мөрөөдөл

Мэдээ

Нийслэлийг бие даасан эдийн засагтай болгох зорилт тавьжээ

Хотын мэр С.Батболд ирэх дөрвөн жилд нийслэлийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр ирэх жилүүдэд нийслэлийг бие даасан эдийн засагтай болгож, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана гэдгээ тодотгосон юм. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 барилгыг өргөтгөх буюу шинээр барихын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх аж. “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлж, хороо бүрт цэцэрлэг байгуулах ажлыг хийж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Үүнээс гадна “Орлоготой орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг “Зөв шийдэл” нэртэйгээр явуулахаар болсон гэв. Түүнчлэн хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж, үйлдвэр технологийн паркуудыг байгуулна гэдгээ ч хотын мэр С.Батболд онцолсон юм. Тэрбээр “Эдийн засгийн сайжруулах нь хотын даргын өмнөө тавьсан гол зорилтын нэг. Өнөөдөр эдийн засаг хүнд, хямралтай байгаа ч хотын удирдлагын хувьд эдийн засгийн ихээхэн өөдрөг төсөөллөөр харж, томоохон зорилт тавин шургуу ажиллах ёстой гэж үзэж байна. Мөн үйлдвэр инновацийг цогцоор нь хөгжүүлсэн хот болно. Гэхдээ үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ хотын дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдэд үйлдвэрлэл технологийн паркуудыг түшиглэн хөгжүүлэхээр тусгасан” хэмээв.

Товчхондоо, мөрийн хөтөлбөрийн цөм нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий нийслэл болох юм. Мөн олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү бизнес, аялал жуулчлалын төв хот болоход чиглэж байгаа аж.

Тэгвэл нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн эрх баригчдыг сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүтнээр оруулж ирсэнгүй хэмээн шүүмжлэв. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “МАН-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс 25 заалт нь энэхүү баримт бичигт тусгагдаагүй байна. Тодруулбал, гэр хорооллыг хөгжүүлэх, залуу гэр бүлийг дэмжих талаар тодорхой заалт тусгаагүй байна. Иймд нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн уг мөрийн хөтөлбөрийг хойшлуулах санал гаргасан ч олонхоороо хүч түрээд хэлэлцлээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Харин 2012 онд экс дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан. Мөн хотын зүүн, баруун болон хойд хэсэгт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг үе шаттайгаар барина. Шархад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, Долоон буудал болон бусад гэр хорооллын бохир усны гол шугамыг барина гэж тусгаж байжээ.

САНАЛ БОЛГОХ