“Говь” ХК-ийн орлого 30.5 хувиар өсчээ
“Говь” ХК 2016 оны эхний хагас жилийн тайлангаар 25.06 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар өсчээ. Харин цэвэр ашгийн хэмжээ тайлант хугацаанд 3.16 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнийг 2015 оны эхний хагастай харьцуулбал 30.5 хувиар өссөн байна. “Говь” ХК дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчиддээ 2016 оны бизнес төлөвлөгөөгөө танилцуулсан аж. Энэхүү төлөвлөгөөний гүйцэтгэлд энэ оны эхний хагаст борлуулалтын орлогын гүйцэтгэл 30.9 хувьтай байгаа бол ашгийн хэмжээ 25.3 хувь байгаа юм.
“Говь” ХК энэ оны эхний хагас жилийн эцэст эргэлтийн хөрөнгийн хэмжээ нь 86.1 тэрбум төгрөг болж, тайлант хугацааны эхэн үеэс гурав орчим хувиар нэмэгджээ. Үүнээс 78 орчим хувийг бараа материалаар тооцогдох хөрөнгө бүрдүүлж байгаа юм. Тус компани энэ жил нийт 450 тонн ноолуур татсан бөгөөд энэ нь өмнөх оноос 10 хувиар, харин таван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар “Говь” ХК нийт 15 улсад 51 салбар дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм. 2015 онд 71 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн тус компанийн экспортын гол зах зээл нь Европын Холбоо, ОХУ, Япон болоод байгаа аж. Үүнтэй уялдаад эдгээр зах зээл дээрх эрэлтийг харгалзан үзэж ойрын таван жилийн дотор 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй