"Атар-Өргөө" ХК-ийн орлого 0.25 хувиар буурсан ч ашиг 62.6 хувиар өсчээ
Дотоодын талх, гурилан бүтээгдэхүүний зах зээлийн 12 хувийг дангаараа хангадаг “Атар-Өргөө” ХК компани энэ оны II улирлын байдлаар 290.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тайлант хугацаанд борлуулалтын орлого нь 6.3 тэрбум төгрөг, ашиг нь 1.9 тэрбум төгрөгт хүрсэн талаар тус компани санхүүгийн тайландаа дурьдсан байна. 2015 оны мөн үетэй харьцуулахад “Атар-Өргөө” ХК–ийн орлого 0.25 хувиар буурсан боловч ашгийн хэмжээ 62.6 хувиар өсчээ. Ашиг нэмэгдэхэд валютын ханшийн зөрүү нөлөөлсөн байна. Тайлант хугацаанд валютын ханшийн зөрүүнээс тус компани 2.6 сая төгрөгийн ашиг олсон.
"Атар-Өргөө" ХК-ийн борлуулалтын орлого нь 2014 онд 12.5 тэрбум төгрөг байсан бол 2015 оны эцэс гэхэд 13 тэрбум төгрөг болж нэмэгдэж байжээ. 2015 оны эцсийн цэвэр ашиг нь 665.6 сая төгрөг гарсантай холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компани хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд нь 300 төгрөг буюу нийт 52.2 сая төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. Дотоодын зах зээлийн 12 хувийг хангадаг “Атар-Өргөө” ХК одоогоор нийт 365 ажилтантай, орон даяар 174 мянга нэг зуун орчим салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
“Атар-Өргөө” ХК-ийн нэгж хувьцааны ханш долдугаар сарын байдлаар 62 мянган төгрөг байгаа бөгөөд улмаар зах зээлийн үнэлгээ нь 10.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй