Шинэ “iPhone” гар утаснууд хөдөлгөөнт төхөөрөмжийн “iOS 10” үйлдлийн системээр ажиллана
“Apple” компани энэ оны есдүгээр сард “iPhone” гар утасны шинэ хувилбарыг танилцуулах хүлээлттэй байгаа юм. Ингэхдээ загвар дизайн нь “iPhone 6”, “iPhone 6S”-ийн циклээс бараг өөрчлөгдөөд байхгүй ч дотоод техник хангамж нь сайжрах төлөвтэй байгаа аж. Энэ удаад “iPhone”-ийн 4.7 болон 5.5 инчийн дэлгэцийн хэмжээг хэвээр хадгалсан ч харагдахуйц өөрчлөлт орсон гэж дотоод эх сурвалж баталгаажууллаа. Эн тэргүүнд 5.5 инчийн “Plus” загварын гар утасны үндсэн камер хос болсон байна. Түүнчлэн гар утасны арын хэсгээр хөндлөн гүйсэн антений шугамуудыг арилгаж, утасны доод хэсэгт байрласан чихэвчийн оролтыг алга болгожээ. Цаашлаад нүүр хуудаст буцах товчлуур нь биет товчлуураас илүүтэй даралт мэдрэгч хавтан болсон байх магадлалтай байгаа юм. Хос камер ашиглан дарсан зураг энгийн зурагнаас илүү хурц, тод өнгөтэй гарна гэж эх сурвалж мэдээлж байсан.
Учир нь хоёр камерын сенсор буюу мэдрэгч нь өнгийг өөр өөрөөр шүүдэг учраас хоёр зургийг нэгтгэн гарган авсан нэг зураг нь илүү тод байх боломжтой ажээ. Шинэ “iPhone” гар утаснууд хөдөлгөөнт төхөөрөмжийн “iOS 10” үйлдлийн системээр ажиллана. Уг үйлдлийн системийг энэ намар бүх хэрэглэгчид хүргэнэ гэж тус компани өмнө нь мэдээлж байсан юм. “Apple”-ийн ухаалаг гар утаснуудын эрэлт сүүлийн улирлуудад буурсан бөгөөд нийт орлогын гуравны хоёр орчмыг бүрдүүлдэг “iPhone” гар утасны борлуулалтыг энэ оны сүүлийн гурван сард дэмжиж өгөх нь “iPhone”-ийн санхүүгийн үзүүлэлтэд чухал нөлөөтэй юм байна. Түүнчлэн энэ жил анхны “iPhone” гар утас худалдаанд гарсны 10 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй