“Alphabet”-ийн зар сурталчилгааны орлого нэмэгдэв
Дэлхийн интернэт хайлтын хамгийн том компани “Google”-ийн толгой компани “Alphabet”-ийн хөдөлгөөнт төхөөрөмжөөр дамжуулан хүргэх зар сурталчилгааны орлого өндөр байснаар өнгөрсөн улирлын тайлан сайн гарчээ. 4-6 дугаар сард “Alphabet” компанийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өсч, 4.9 тэрбум ам.доллар болсон юм. Ашиг өсөхөд “Google”-ийн зар сурталчилгааны систем болон “YouTube”-ийн түншлэлийн хөтөлбөрөөр дамжуулан олсон орлого нэмэгдсэн байсан нь нөлөөлсөн аж. Интернэт контентын хажууд байрлуулсан зар сурталчилгааны роялти төлбөрийг тооцохгүйгээр “Alphabet”-ийн орлого 22 хувиар өсч, 17.5 тэрбум ам.доллар болжээ. “Alphabet”-ийн ашиг болон орлогын үзүүлэлт аль аль нь эдийн засагчдын таамгаас давсан байна. “Google” компани “Alphabet”-ийн ашиг, орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байхад "X labs" зэрэг төслийн алдагдал өндөр байсан нь санхүүгийн үзүүлэлтийг доош нь татжээ. Шинжлэх ухаан болон хэрэглээний инженерчлэлийн боломжийг судалдаг уг нэгж II улиралд 859 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй