![](/uploads/7b9d5e3d-5740-4552-b1fe-aaa16f7686a5.jpg)
Цагаан будааны импортын хэмжээ өссөн ч үнийн дүн нь буурчээ
2016 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын цагаан будааны импортын хэмжээ өссөн ч үнийн дүн нь буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүний зэрэгцээ цагаан будааны импортын дийлэнх хэсгийг БНХАУ-аас авч байсан нь өөрчлөгдөж, Вьетнам, Японы цагаан будааны нийлүүлэлт өсчээ. Энэ оны эхний долоон сард нийт 14.7 мянган тонн цагаан будаа импортолсон нь өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн байна. Харин мөнгөн дүнгийн хувьд 8.9 сая ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс 0.5 хувиар буурсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Цагаан будааны импортын 42 орчим хувийг Вьетнамаас, 39 орчим хувийг ОХУ-аас, 12.5 хувийг БНХАУ-аас нийлүүлжээ. Харин жилийн өмнө нийт цагаан будааны импортын 45.7 хувийг БНХАУ-аас, 18 хувийг Вьетнамаас нийлүүлж байсан байна. Харин Японы нийлүүлэлтийн нийт импортод эзлэх хувь хэмжээ нь бага боловч жилийн өмнөхтэй харьцуулахад ойролцоогоор зургаа дахин өссөн байна. Монгол Улс 1998 оны стандартаар нэг хүний өдөрт хэрэглэвэл зохих цагаан будааг 35 грамм гэж үздэг. Үүнээс жилийн хэрэглээ нь хамгийн багадаа ойролцоогоор 17 орчим мянган тонн байх бололцоотой юм.
Харин импортын хэмжээ үүнээс давж гарсан байна. Сүүлийн хоёр жилийн дунджаар цагаан будааны нийлүүлэлтийн зах зээл 19.8 мянган тонн болжээ. Импортын хоёр орчим хувийг БНСУ, АНУ, Герман, Австрали, Япон, Сингапур зэрэг улсаас нийлүүлж байгаа өндөр үнэтэй цагаан будаа бүрдүүлж байна. Ялангуяа энэ оны эхний хагас жилд Японоос 108 тонныг, Австралиас 161 орчим тонныг импортолжээ. 2015 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн “MJ Partners”-ийн хувьд Японоос будаа импортолж байгаа бөгөөд энэ нь эхний хагас жилд өндөр үнэтэй цагаан будааны дотоодын зах зээлийн 29.9 хувийг бүрдүүлсэн талаар тус компани мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй