“Rosneft” ОХУ-ын төсвийн алдагдлын тал хувийг нөхөх санал хүргүүлжээ

Мэдээ

ОХУ-ын төсвийн алдагдал барууны орнуудын эдийн засгийн хориг, рублийн ханшийн савалгаа болон газрын тосны хямд ханшаас шалтгаалж энэ онд сүүлийн зургаан жилийн дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байгаа юм. Энэ үед “Rosneft” компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин төсвийн алдагдлын тал хувийг нөхөх саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хүргүүлсэн тухай дотоод эх сурвалжууд мэдээлж байна. Игорь Сечиний саналыг хэрэгжүүлснээр “Rosneft”-ийн үйл ажиллагаагаар дамжуулан нийт 16 тэрбум ам.доллар босгох боломжтой гэж үзэж байгаа аж. Үүнээс таван тэрбум ам.доллар нь “Rosneft” компаниас гарна. Өөрөөр хэлбэл “Rosneft” ОХУ-ын газрын тос үйлдвэрлэгч “Bashneft” компани дахь удирдлагын багцыг бэлэн мөнгөөр худалдан авах хүсэлтэй байгаа юм.

арин үлдсэн 11 хувийг БНХАУ-д худалдан босгохоор тусгажээ. “Bashneft”-ийг худалдан авах “Rosneft”-ийн энэхүү санал нэлээн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тодруулбал шинжээчид болон ОХУ-ын сөрөг хүчин “Rosneft”-ийг эдийн засгийн нөхцөл байдал муудсан үеийг "далимдуулан" давамгай эрхтэй болохыг оролдож байна гэж үзжээ. Мөн “Bashneft”-ийг худалдан авах таван тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөц “Rosneft”-д байхгүй учраас дотоодын банкуудаас энэ мөнгийг зээлэх шаардлагатай болно. Энэ нь цаашлаад системийн хэмжээнд том эрсдэл дагуулна гэж зарим шинжээч болгоомжилж байна. ОХУ-ын хувьд одоогоор төсвийн алдагдлаа бууруулах нь хамгийн гол зорилт болоод байгаа юм. Өнгөрсөн сард л гэхэд өөрийн эзэмшлийн “Alrosa” алмазны уурхайн 11 орчим хувийг зарж, 802 сая ам.доллар босгосон. Түүнчлэн зарах компаниудын дунд “Bashneft”-ийн 50 хувь ч багтсан.

Үүнээс гадна ОХУ-ын төсөвт орлого төвлөрүүлдэг бусад томоохон компаниудын хувьд байдал “сайнгүй” байна. Тодруулбал, “Bashneft”-ийг худалдан авах санал хүргүүлээд байгаа “Lukoil”-ийн энэ даваа гарагт танилцуулсан санхүүгийн тайланд тусгаснаар өнгөрсөн улирлын орлого нь 1.9 хувиар буурчээ. Мөн борлуулалт нь 9.3 хувиар буурч, 1.3 их наяд рубльд хүрсэн бол цэвэр ашиг нь 62.6 тэрбум рубль буюу 961 сая ам.доллар болж буурсан байна. Газрын тосны ханш сул байгаагийн улмаас тус компани II улиралд үйлдвэрлэлээ бууруулж, хөрөнгө оруулалтаа танах арга хэмжээ авсан. Тэгвэл “Gazprom” компанийн санхүүгийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтийг давлаа. Гэсэн ч цэвэр ашиг нь 17 хувиар буурч, 3.8 тэрбум ам.доллар болжээ. Рублийн ханш II улиралд чангарсантай холбоотойгоор тус компанийн экспортоос олох орлого нь нэмэгдэж, зөвхөн ханшийн зөрүүнээс 152 тэрбум рублийн цэвэр ашиг олсон байна. Энэ нь улирлын нийт орлогынх нь талаас илүү хувь юм.




САНАЛ БОЛГОХ