Үндэсний өв, соёлыг шингээсэн бүтээгдэхүүний зах зээл хэрхэн өргөжиж байна вэ
Монголд үйлдвэрлэсэн шатар болон эмэгтэй хүний гоёл зэрэг ур шаардсан бүтээлүүдийн зах зээл сүүлийн жилүүдэд нэлээд өргөжиж байна. Үндэсний өв соёлыг харуулсан бүтээлүүдийг зөвхөн монголчууд төдийгүй Монгол туургатан амьдардаг ОХУ, БНХАУ-ын иргэд сонирхон худалдан авах нь элбэг байдаг талаар "Дуут урлан" компанийн захирал Д.Баярхуяг мэдээллээ. “Дуут урлан” компани 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энгийн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээс эхлээд нарийн ур шаардсан шатар, эмэгтэй хүний гоёл зэргийг мөнгөөр урлан хийдэг ажээ. Тухайлбал тус компанийн бүтээлээс хамгийн үнэтэй нь жил дамнан урласан Монгол шатар 45 сая төгрөгийн үнэ хүрсэн байна. Энэ төрлийн бүтээл нь нарийн ур шаарддагаас гадна хамгийн багадаа 5-6 сар, хамгийн ихдээ гурав хүртэлх жилийн хугацаанд урладаг байна.
Үүнээс гадна гоёл чимэглэлийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани байдгаас хамгийн олон жил үйл ажиллагаа явуулж байгаа нь “Зоос гоёл” компани юм. Тус компани гоёл чимэглэл, одон медаль, зоос, ромбо болон алт, мөнгөн эдлэл үйлдвэрлэж байна. Үүнээс гадна тус компанийн үйлдвэрлэлийн лицензийг ашиглаж байгаа “Зоос Одон тэмдэг”, “Хаан зоос” зэрэг компани байгаа аж. Харин “Эрдэм гоёл” компанийн хувьд мөнгөн хөөрөг, мөнгөн бүс, эмээл, хазаар, ташуур, бэлэг дурсгалын зүйлс бүтээж, дотооддоо дөрвөн салбар дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулж байна. Харин монгол уламжлалыг харуулсан бүтээгдэхүүн талаас сийлбэртэй модон тавилга бүхий гэрийн худалдаа хамгийн өргөн байдаг.
Тухайлбал сийлбэртэй модон тавилга бүхий гэрийн ханш хамгийн багадаа 15 сая төгрөг байгаа бол хамгийн үнэтэй нь 80-100 сая төгрөгийн ханштай байна. Үүнд гэрийн хэмжээнээс гадна зураг хийц хамаардаг аж. Гэрийг монголчуудаас гадна өвөрмонголчууд зэрэг Монгол гаралтай үндэстнүүд амьдардаг БНХАУ, ОХУ-ын иргэд их сонирхдог талаар “Нүүдэлчин чанар” компани мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй