Ирэх өвөл зуд болох нигуртай

ЗГМ: Тодруулга

Тахиа жил залууст ээлтэй болно

“Бичин жил сүүлээрээ шарвадаг, энэ өвөл зуд болж болзошгүй” хэмээн хашир малчид болгоомжилж байна. Тэгвэл ганц манай улсад ч биш дэлхий дахинаа энэ жилийн өвөл олон жилийн дунджаас нэлээд хүйтрэх төлөвтэйг олон улсын цаг уурчид анхааруулсаар. Тухайлбал, Германы цаг уурчид олон жилийн ажиглалт, нарийн тооцоонд үндэслэн энэ өвөл сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно гэж мэдэгджээ. Үүгээр ч зогсохгүй тэдний таамаглалыг Америкийн Цаг уур судлалын институт “NOAA”-ийн мэргэжилтнүүд баталсан байна. Одоогийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтоод буй. Гэхдээ малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан бол хүйтрэлтийг ажрахгүй давах боломжтой. Түүнчлэн өнөө жил дөрвөн сараас нааш дулаарахгүй тул илүү сартай өвөл болно хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Тиймээс илүү сартай өвлийн талаар зурхайнд хэрхэн буусан, үүнийг ямар аргаар тогтоодог талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Илүү сартай өвөл хэдэн жилийн давтамжтай болдог вэ. Ер нь илүү сар гэдгийг хэрхэн яаж тогтоож мэддэг вэ?

-Цаг хугацааны давтамж тодорхой хугацааны дараа эргэдэг гэдгийг хүмүүс олон жилийн турш ажигласнаар цаг тоолол бий болсон. Дэлхий нийтэд гурван төрлийн цаг тоолол бий. Нарны тоолол гэдэг нь бидний ярьдаг аргын тоолол юм. Энэ тооллыг Европ талдаа мөрддөг бол билгийн тооллыг арабчууд дагадаг. Харин Азийн орнууд арга билгийн аль алийг нь хослуулан хэрэглэдэг.

Дэлхий нарыг тогтмол хугацаанд эргэдэг. Хүн бүрийн мэддэгээр дэлхий нарыг жилд 365 хоногт нэг удаа тойрдог. Тиймээс аргын тоолол нь 365 хоногтой. Харин арга билэг хосолсон буюу билгийн тоолол нь дэлхийг сар тойрох хугацаа юм. Үндсэндээ билгийн тоолол нь 354-355 хоногтой. Тэгэхээр 365 хоногоос 355 хоног хасахаар үндсэндээ 10 хоногийн зөрүү гарч байгаа биз. Энэ тоолол нь тодорхой цаг хугацааны дараа билгийн тоололд илүү сар гэж орж ирдэг юм. Мөн аргын тоолол буюу нарны тоололд дөрвөн жилд нэг удаа нэг хоног нэмэгддэг. Энэ нь нөгөө хоёрдугаар сар дөрвөн жилд нэг удаа 29 хоногтой болдог. Үүнтэй л билгийн тоолол адилхан байгаа юм. Ойролцоогоор гурван жилд нэг удаа илүү сартай өвөл байдаг гэж ойлгож болно. Ингэхдээ өвөг дээдсийн айлдсан зарлигийн дагуу зурхайн тооллоор илүү сар оруулдаг. Түүнээс биш хэн нэгэн санаагаараа гаргаж ирж байгаа зүйл огт биш.


-Тэгэхээр энэ жилийн өвөл илүү сартай байгаа шүү дээ. Өмнөх жилүүдийн илүү сартай өвөл хэзээ тохиож байсан бэ. Ямар онцлогтой байсан бол?
-Өвлийн дунд сар буюу хулгана сар илүү сартай байгаа. Өмнө нь 1990, 1997 оны өвөл илүү сартай байсан. Ер нь өвөл илүү сартай байдаггүй. Бусад улиралд ч гэсэн илүү сар гардаг. Онцлог тал гэвэл нэг илүү сартай байна гэдэг нь өвлийн улирал урт болно гэсэн үг. Гэхдээ энэ жилийн өвлийн өнгө, хүмүүсийн яриа, байгаль орчны үзэгдлийг ажиглахад энэ өвөл харьцангуй дулаан байх магадлалтай байна. Учир нь тарвага болон могой зэрэг ичээнд ордог амьтад цасан дээр явж харагдсан талаарх яриа өмнөговьчуудын дунд гарсан байна лээ.

Өвлийн дунд сар илүү сартай байгаа
Тэгэхээр амьтад ичихгүй байна гэдэг дулаан байгаагийн шинж. Тэрчлэн, намрын адаг, өвлийн эхэн сард бороо орсон шүү дээ. Тэгэхээр илүү сартай өвөл болсон нь буруутгах зүйл биш юм. Зүй тогтлын хувьд жамаараа явж байна гэж би хувьдаа үзнэ.

-Бичин жилийн зуд болно хэмээн малчид ярих юм. Тэгэхээр бичин жил болгонд зуд болдог хэрэг үү?
-Ашдын билгээс амны билэг гэдэг. Монголчууд бид амны билэгтэй ард түмэн. Тиймээс сайн сайхан бүхнийг бодож сэтгэж байх хэрэгтэй. Үнэхээр зуд болох талаар мэдсэн бол бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Зуд гэж ярихаас илүүтэй малчид маань бэлтгэлээ л сайн хангаж, хариуцлагатай байх хэрэгтэй. Түүнээс цаг агаар гээд бусад руу чихэх хэрэггүй гэж бодож байна.

-Тахиа жилийн өнгийг зурсан уу. Монголчуудад маань хэр ээлтэй жил байх вэ? -Тахиа жилийн хувьд дунд албан тушаалын залууст ээлтэй, тогтвортой байна. Харин дээд албан тушаалтнуудын хувьд нэлээд муу, ширүүн жил гарах нь. Магадгүй сүүлийн үеийн дээдсүүдийн хийж байгаа буруу үйлээс үүдэлтэй байж болно. Мөн ирэх онд улс орны эдийн засаг сайжирч, ургац арвинтай дэлгэр сайхан зун, намар болно. Зун, намрын улиралд хур тунадас ахиу орно. Энэ нь нөгөө талаар үер усны аюул болж, байгалийн гамшиг тохиох магадлалтай. Энэ жилийн өвөл харьцангуй гайгүй байх тухай зурлагад буусан бол ирэх жилийн өвөл эсрэгээрээ хүндэрч, цас орж, зуд турхан болох магадлалтай байна.

-Жил бүрийн Цагаан сарыг хэзээ тэмдэглэх талаар зурхайчид маргадаг. Жишээлбэл, энэ жилийн баяр нэгдүгээр сард болно гэсэн яриа гарсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Арга билэг хосолсон тоолол дотроо хоёр янз бий. Шар зурхайн ёс нь төгсбуянт шинэ зурхайн ёсноос арай өөр. Энэ нь илүү сарыг авах хугацаа нь хоёр өөр цаг дор таардаг учиртай. Төгсбуянт шинэ зурхайн ёсоор тухайн сарынх нь 46 юм уу, 47 дахь сард илүү сарыг оруулж өгдөг. Харин шар зурхайн ёсных өөр байдаг. Бид 220 жил өөр улсын эрхшээлд байсан. Тиймээс тухайн улсын цаг тооллыг барьж, төрийн үйл ажиллагаа явагдана. Харин бид Монгол тооллоо барьж ирсэн. Энэ жилийн Цагаан сар хоёрдугаар сарын 27-нд болно. Тэгэхээр битүүн 26-нд тохионо гэсэн үг. Хоёрдугаар сарын сүүлчээр золгож байсан жилүүд олон бий. Монгол тооллоороо зөв явж байгаа. Энэхүү цаг тоолол маань бидний өвөг дээдсийн зохиосон судар номынх. Тиймээс монголчууд энэ соёлоо дээдлэх ёстой.


САНАЛ БОЛГОХ