Цахим газар өмчлөлийг л түр зогсоосон

ЗГМ: Тодруулга

Зуслангийн газрыг шинээр эзэмшүүлэх нөөц одоогоор байхгүй

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт таван удаагийн цахим газар өмчлөлөөр 60 мянга гаруй иргэн газартай болсон. Харин хотын шинэ удирдлага томилогдсоноос хойш цахим газар өмчлөлийг өнөөг хүртэл зогсоогоод байгаа. Тиймээс энэ талаар нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга Т.Соёлхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-2013 оноос хойших цахим газар өмчлөлд иргэд ам сайтай байгаа. Энэ ажил цааш хэрхэн явагдахад ихээхэн анхаарал хандуулж байна. Гэтэл тав дахь удаагийн цахим өмчлөлөөс хойш иргэдийн дунд сонгон шалгаруулалт дахин зарлаагүй. Цаашид хэрхэн зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Хэд хэдэн зөрчилтэй холбоо тойгоор энэ онд багтааж цахим газар өмчлөлийг зохицуулж буй журамд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн нийслэлийн удирдлагууд үзэж байгаа.

Нэгдүгээрт, сонгосон байршлуудын дийлэнх хэсэгт дэд бүтэц, авто зам хөгжөөгүй газар багтаж байна. Тэнд иргэд шууд очоод суурьших боломжгүй.

Хоёрдугаарт, 18 нас хүрээгүй, бага насны хүүхдэд сугалааны зарчмаар газар өмчлүүлэх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Тэднийг насанд хүрсэн үед газрын харилцаа арай өөр түвшинд очсон байх учраас тухайн үед нь газар өмчлүүлж болно. Харин амьдралын идэвхтэй нөхцөлд байгаа буюу насанд хүрсэн иргэдэд газар өмчлүүлэх нь зүйтэй юм.

Гуравдугаарт, гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдийн хувьд газар өмчлөх нь өнөөдрийн тулгамдсан асуудал биш. Тэд газар өмчилж авлаа гэхэд Монголдоо ирээд өмчлөх эрхээ эдлэхгүй байх тохиолдол цөөнгүй. Нөгөөтэйгүүр, хамаатан садан, ах дүүгээрээ нэг доор газар өмчлөх боломжгүй байгаа нь цахим өмчлөлийн сул тал.

Дөрөвдүгээрт, 2013 оны тавдугаар сарын 30-наас хойш Улаанбаатар хотод шилжин ирсэн иргэдэд цахимаар газар өмчлүүлэхгүй хэмээн журамд заасан байдаг. Гэтэл нийслэлийн бүх иргэн тэгш эрх эдлэх ёстой шүү дээ. Тавдугаарт, нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө, 2030 он хүртэлх үндсэн чиглэлд тусгасан газар зохион байгуулалтын ажилтай цахим өмчлөл зохицохгүй, төлөвлөсөн байршлууд нь давхцах тохиолдол цөөнгүй байна. Тиймээс цахим газар өмчлөлийн ажлыг түр зогсоож, журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Шинээр боловсруулж буй журамд иргэдэд олгох газрыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Нийслэлийн ИТХ-аар энэ асуудлыг шийднэ. Гэхдээ өнөөдрийн хувьд яг боловсруулсан төлөвлөгөө, хуралд өргөн барьсан санал алга.

-Өнөөдрийг хүртэл хэчнээн иргэн цахимаар газар өмчилж авсан бэ. Нэгэнт газраа өмчлөөд авчихсан иргэдийг яах бол. Хэрэв хэвээр үлдээх бол тэр хүмүүсийн газрын дэд бүтцийг яаж шийдэх юм бэ. Нийслэлийн өмнөх удирдлагууд иргэдэд дэд бүтцийг нь шийдэж өгнө гэсэн амлалт өгсөн байгаа шүү дээ?

-Нийт таван удаа явагдсан цахимаар 69600 иргэн газар өмчилж авсан. Нэгэнт өмчлүүлээд, кадастрын албаны мэдээллийн санд бүртгэсэн учир тэдний эрх хэвээр үлдэнэ. Яваандаа нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаад шийдэх байх. Гэхдээ иргэдэд олгосон газрууд тийм ч алслагдсан биш, нийслэлийн эргэн тойронд байгаа байршлууд юм. Зарим газарт нь зам, цахилгааны асуудал шийдэгдсэн.

-Цахимаар газар өмчлүүлэхгүй юм бол өөр ямар хэлбэрээр авах боломж байна вэ?

-Газар өмчлөлийн ажил хэвийн явагдаж байгаа. Зөвхөн цахим газар өмчлөлийн хэлбэрийг түр зогсоосон. Өөр хоёр хэлбэр бий. Ердийн журмаар иргэдэд газар өмчлүүлэх. Энэ нь иргэд дүүргийн газрын албанд өргөдлөө өгч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршлуудад эзэмших болон өмчилж болно. Тодруулбал, жил бүрийн нийслэлийн ИТХ-аар дараа жил өмчлүүлэх газрын байршлаа баталдаг. Үүнд эзэмших эрхтэй хүмүүс хашааны газраа өмчилж болно.

Харин шинээр эзэмших эрх авах хүмүүс тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан газраас авах боломжтой. Тэдгээр газрын байршлын мэдээллийг дүүргийн газрын албанаас тодруулах хэрэгтэй. Нөгөө нэг хэлбэр нь зуслангийн газар. Зуслангийн газрыг өмчлөх ажил хэвийн үргэлжилж байна. Иргэд эзэмших, өмчлөх гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Шинээр буюу анх удаа газар авч байгаа иргэдэд эзэмших эрхийн гэрчилгээ олгодог. Дараа нь эзэмших эрхээ өмчлөх эрхээр сольж, газраа бүрмөсөн өөрийн болгож авах юм. Харин зуслангийн газрыг шинээр эзэмшүүлж өгөх нөөц одоогоор байхгүй байна.

САНАЛ БОЛГОХ