Барилгын компаниуд СӨХ байгуулж болохгүй

ЗГМ: Тодруулга

Өнөөгийн мөрдөж буй хуулийг шинэчлэх шаардлагатай

БХБЯ-наас Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох хэлэлцүүлэг зохион байгууллаа.

1997 онд дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль баталж байсан бол 2003 онд СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг баталжээ. Хэлэлцүүлэгт оролцсон ОСНААУГ, ШӨХТГ, УСУГ-ын төлөөлөл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг өнөөгийн нийгмийн үйл ажиллагаанд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай гэж үзлээ. Энэ үеэр БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн О.Энхтуягаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Өнөөдөр болсон зөвлөгөөнөөр ямар шийдэлд хүрсэн бэ?

-Манай яамнаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн зорилго Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд орон сууц, нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцох, ойлголцох, байр сууриа нэгтгэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал авахад оршиж байсан. Одоо бид салбарын төлөөллүүдийн үнэтэй санал, санаачилгыг ажил болгоход анхаарна.

-СӨХ-ны төлбөр их өндөр байдаг. Үүнийг яаж зохицуулдаг вэ. Хууль эрх зүйн орчин нь ямар байдаг вэ?

-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн барилгад ямар засвар үйлчилгээг тухайн жилд хийх вэ гэдгээс шалтгаалж, төлбөрийн хэмжээ жил бүр харилцан адилгүй байдаг. Оршин суугчид хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлэхэд идэвхтэй оролцох хэрэгтэй.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн СӨХ бүртгэлтэй байдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Сууц өмчлөгчдийн 1022 холбоо ажиллаж байгаагийн 881 нь нийслэлд, 141 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

-Шинэ орон сууц барьсан газар нь СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Барилга барьсан компаниуд СӨХ байгуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.2-т Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно. 5.3-т Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна, 5.4-т Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэж заасан байгаа.

-Хуулийн хэрэгжилтэд хэн хяналт тавих ёстой байдаг вэ?

-Хуульд заасны дагуу БХБЯ сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.
САНАЛ БОЛГОХ