"Талх чихэр”-ийн ашиг, орлого буурав

Мэдээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Талх чихэр” компанийн ашиг, орлого буурсан байна. 2016 онд тус компани 32.5 тэрбум төгрөгийн орлого олсон нь 2015 оныхоос 10 хувиар буурчээ. Мөн ерөнхий ба удирдлагын зардлаа дөрөв орчим хувиар нэмэгдүүлсэн байна. Цэвэр ашиг нь 2015 оныхоос 49 хувиар буурч, 1.3 тэрбум төгрөг болсон талаар Монголын Хөрөнгийн биржид гаргасан санхүүгийн тайландаа дурджээ.

Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” компани өнгөрсөн онд борлуулалтын цар хүрээгээ өргөжүүлэхийн тулд орон нутаг дахь түгээлтийг хоёр дахин нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавин ажиллажээ. Хэдий тийм боловч Монгол Улсын эдийн засгийн идэвх саарсан нь борлуулалт буурахад нөлөөлсөн байна. Тухайлбал, 2016 онд эдийн засгийн дотоод идэвхийг тодорхойлдог дотоодын худалдааны салбарт нийт борлуулалт 2.4 хувиар буурч, урьдчилсан гүйцэтгэлээр 13.2 их наяд төгрөг болсон талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

“Талх чихэр” компанийн хувьд 2016 онд нарийн боовны уут савлагаа, хаяг шошго, технологи, түүхий эдийн цогц шинэчлэл хийсэн талаар онцолж байна. Ингэснээр тус компани бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ