Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурна

Мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад хийх албан айлчлалаа эхэллээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон тус улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо нартай уулзана. Мөн айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг 2013-2017 он хүртэлх хугацаатайгаар байгуулаад байгаа юм. Энэ хооронд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлж эхэлсэн нь хоёр орны харилцаанд гарсан хамгийн том өөрчлөлт болоод байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дүнд өнгөрсөн онд Монгол, Японы худалдааны эргэлт 14 хувиар өсөж, 344 сая ам.доллар болсон талаар Гадаад харилцааны яам мэдээллээ.

Японтой байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг амжилттай хэрэгжиж эхэлсэн учир дараагийн шатанд БНСУ манайхтай хэлэлцээр хийхээр сонирхож байгаа гэдгийг Гадаад харилцааны яамнаас мөн онцолж байна. Одоогоор зогсонги байдалд ороод байгаа “Тавантолгой”-ийн хэлэлцээнд Японы “Сумитомо” корпораци оролцож байгаа юм. Мөн “Энержи Ресурс” компани “Сумитомо” корпорацитай хамтран Японд нүүрс нийлүүлж эхэлсэн байна. Дараагийн шатны дунд хугацааны хөтөлбөрийг байгуулснаар төмөр зам, нүүрс-химийн аж үйлдвэр, аж үйлдвэрийн кластер байгуулах зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтрах сонирхолтой байгаагаа Монголын тал өмнө нь илэрхийлж байлаа. Мөн Японы талаас ирүүлсэн саналд “Монголын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарсан” гэдгийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн онцолж байсан юм.



САНАЛ БОЛГОХ