Японы Засгийн газар Монгол Улсад 850 сая ам.долларын зээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно

Мэдээ

Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Засгийн газар Монголын талд 850 сая ам.долларын зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор боллоо. Зээлийн нөхцөл нь 1-1.5 хувийн хүүтэй, эхний 10 жилд зээл, зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй байх бололтой гэж эх сурвалж мэдээллээ. Хэдий тийм боловч одоогоор энэхүү 850 сая ам.долларын зээлийн нөхцөлийг албан ёсоор зарлаагүй байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа. Уулзалтаар энэхүү зээлийн асуудлыг эцэслэн шийдэх хүлээлттэй байсан юм. Мөн энэ удаагийн зээлийн хэмжээ 1990 оноос хойш Японы Засгийн газраас Монголд олгосон хөнгөлөлттэй зээлийн хэмжээтэй ойролцоо мөнгөн дүн болж байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газар онцоллоо. Японы тал нийт гурван тэрбум ам.долларын зээл, тусламж үзүүлснээс хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нь нэг орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм байна.

Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг авах тухай ажлын хэсгийнхэн өмнө нь мэдээлж байсан юм. Энэ дунд Япон, Герман зэрэг орнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох асуудал багтаж байв. Үүнээс гадна Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрөө сунгаж, 2017-2021 он хүртэл үргэлжлүүлэх хүлээлттэй байна. Мөн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд бизнес эрхлэгчдийг давхар татвараас чөлөөлөх, холбогдох судалгааг хийх зэрэг одоогийн нөхцөлийг нь сайжруулах олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн айлчлалын хүрээнд Монгол, Японы санхүүгийн зохицуулах байгууллагууд харилцаагаа өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичгээ шинэчлэн байгууллаа.



САНАЛ БОЛГОХ