Монгол Улс оны эхний таван сард 8.1 сая ам.долларын самнасан ноолуур экспортолжээ

Мэдээ

Монгол Улс 2017 оны эхний таван сард 8.1 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон байна. Энэ нь 2016 оны мөн үеэс 14.6 хувиар нэмэгджээ. Ялангуяа нийт экспортын 96.7 хувийг Итали, хоёр хувийг Энэтхэг, 0.7 хувийг Японд, бусдыг нь БНХАУ болон БНСУ руу экспортолсныг Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харж болохоор байна. Өмнөх жилүүдийн самнасан ноолуурын экспортод жин дарж байсан Их Британи руу хийх худалдаа энэ оны эхний таван сард зогссон байна.

Үүнээс гадна Монгол, Японы Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ хүрээнд ноос, ноолууран бүтээгдэхүүний гаалийн тарифыг хөнгөлсөн нь худалдааг дэмжинэ гэж тооцож байгаа юм. Хэдий тийм боловч оны эхний таван сард Японд экспортолсон самнасан ноолуурын хэмжээ буурч, 60 мянган ам.доллар болсон байна. Японд бэлэн бүтээгдэхүүн гаргаж байгаа "Говь" ХК "Түншлэлийн хэлэлцээр Японы харилцагчдад нь дэмжлэг болж байгаа" гэдгийг онцолж байгаа юм.

Монгол Улсын хувьд ноолууран түүхий эдийн 86 хувийг угаасан байдлаар экспортолдог талаар ХХААХҮЯ мэдээллээ. Ялангуяа анхан шатны боловсруулалт хийж, угаасан ноолуурыг БНХАУ, Итали, Англид, харин Японд голчлон бэлэн бүтээгдэхүүн гаргадаг байна. Хонины самнаагүй ноосны экспорт оны эхний таван сард 3.3 сая ам.долларт хүрсэн нь жилийн өмнөхөөс 1.5 дахин буурчээ. Үүнээс 96 хувийг БНХАУ-д экспортолсон байна. Малын тоо, толгой өсөж, 61 сая болсон учраас 2017 онд малын гаралтай бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж. Тухайлбал, 9400 тонн ноолуур, 29 мянган тонн ноос бэлтгэх урьдчилсан таамагтай байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулаад байна. Үүнийг дагаад экспорт нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа юм.




САНАЛ БОЛГОХ