МИАТ компани Бангкок хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ
МИАТ компани Зүүн Өмнөд Азийн аялал, жуулчлалын гол бүс болох Тайландын вант улсын Бангкок хот руу нислэгийн чиглэл нээж, анхны нислэгээ бямба гарагт амжилттай хийлээ. Ингэснээр Улаанбаатар-Бангкок чиглэлийн шууд нислэг долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт тогтмол хийгдэхээр болж байна. Түүнчлэн энэхүү нислэг ирэх оны гуравдугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ гэж тус компани мэдээллээ. Улаанбаатар-Бангкокийн шууд нислэг таван цаг үргэлжлэх бөгөөд шинэ нислэгийг “Boeing 737-800” агаарын хөлгөөр үйлдэж байна. Нислэгийн тийзний үнэ 1.6 сая төгрөг байхаар тооцоод байгаа ба онцгой баяр ёслолын үеэр үнийг хямдруулах боломжтой гэж үзэж байгаа аж. Хоёр улсын хооронд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой, өдөрт дунджаар Монгол Улсын 15 иргэн тус улс руу очдог байна.
Тайландад аялахаас гадна эмчлүүлэхээр их очдог болохыг МИАТ компанийн зүгээс онцоллоо. Ийнхүү Улаанбаатар-Бангкокийн шууд нислэг эхэлснээр МИАТ компани нийт есөн чиглэлд шууд нислэг үйлддэг болж байна. Тус компанийн хувьд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх бодлого барин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард БНСУ-ын Бусан хот руу шууд нислэг үйлдэж эхэлсэн юм. Харин ирэх онд Европ руу хийж буй нислэгийнхээ чиглэлийг шинэчлэхээр төлөвлөжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй