Автомашины шинэ дугуйны дийлэнхийг Японоос импортолж байна

Мэдээ

Дотоодын авто зах зээлд автомашины шинэ дугуй импортлогч 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд Япон, БНСУ, ОХУ, БНХАУ, АНУ зэрэг 10 гаруй улсаас 12 төрлийн брэндийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж байгаа аж. Үндэсний Статистикийн Хорооны III улирлын тайлан мэдээллээс харахад оны эхний есөн сард автомашины шинэ дугуйны импорт өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсөж, 122 мянга болсон байна. Харин мөнгөн дүнгийн хувьд 39 сая ам.доллар болсон нь өмнөх онтой харьцуулахад 46.8 хувиар өссөн дүн болж байна.

Суудлын автомашины шинэ дугуйны борлуулалтын зах зээлийн 30 хувийг “Таван богд” компани бүрдүүлж байгаа аж. Тус компанийн хувьд Японы “Bridgestone” брэндийн SUV ангиллын автомашины дугуйг голчлон борлуулдаг байна. Зах зээлд борлуулагдаж буй шинэ дугуйны 52 хувийг Япон улсаас, 17 хувийг БНСУ-аас, 10 хувийг АНУ-аас, есөн хувийг ОХУ-аас, зургаан хувийг БНХАУ-аас импортолж байна.

Зах зээлд зонхилж буй япон дугуйны хоёрдогч томоохон импортлогч болох “Вай Ти Эм Монголиа” компани “Yokohama” брэндийн дугуйг зах зээлд борлуулж байна. Харин дэлхийн зах зээлд борлуулалтаараа эхний гуравдугаарт бичигддэг Францийн “Michilen” брэндийн автомашины дугуйг “Глобал моторс” компани албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа аж. Тус компани бага оврын суудлын автомашинд зориулсан шинэ дугуй импортолдог бөгөөд ялангуяа нийт автомашины 40 хувийг дангаар бүрдүүлдэг “Prius” автомашинд зориулсан дугуйг зах зээлд нийлүүлэхийг гол зорилтоо болгосон байна.




САНАЛ БОЛГОХ