Баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөр автомашины импортыг хязгаарлах санал боловсруулна

Мэдээ

Нийгэмд тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлын 10 хувийг авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол бүрдүүлж байна гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар баруун талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй автомашин болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах гэсэн хоёр асуудлыг судалж, тодорхой санал, төсөл боловсруулах шийдвэр гаргалаа. Учир нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 766 мянган автомашины 90 хувь нь өндөр буюу зургаагаас дээш жилийн насжилттай байгаа бол нийт автомашины 48 хувь, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа юм. Тиймээс энэ нь замын хөдөлгөөний дүрэмд нийцэхгүй, үзэгдэх орчныг хязгаарлаж осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзжээ.

Үүнээс гадна БОАЖЯ евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, автомашины улсын үзлэг, оношилгоог чанаржуулах, нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй, хүртээмжтэй болгож түгжрэлийг сааруулахын зэрэгцээ автобусыг хийн түлшинд үе шаттай шилжүүлэх зорилт тавин ажиллана гэж мэдээллээ.

Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газраас утааны ялгарал ихтэй автомашины хөдөлгөөнийг хориглох заалтыг Засгийн газарт өргөн барихаар болоод байна. Харин компаниудын зүгээс шингэрүүлсэн хийн түлш болон шатахуун хэмнэгч тосыг хэрэглэснээр автомашины утааг бууруулах боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, шингэн нано технологиор баяжуулсан нано шатахууныг ашигласнаар автомашинаас ялгарах хорт бодисыг 20-98 хувиар бууруулах боломжтой гэж “Жим Вэйл” компаниас мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ