"Шивээ-Овоо" ХК: Тоног, төхөөрөмжийн шинэчлэлд 38 тэрбум төгрөг шаардлагатай
Бямба гарагт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Дулааны цахилгаан станцуудын нүүрсний гол хэрэгцээг хангадаг "Шивээ-Овоо" ХК, "Багануур" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайд нар орон нутагт ажиллах үеэр Шивээ-Овоо, Багануур ХК-ууд үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, биелэлтийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар зөвлөлдөж ярилцсан байна. Ерөнхийдөө компаниуд уурхайн хөрс хуулалт хоцрогдсон болон техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа нь гол асуудал болж байгааг мэдээллээ. Шивээ-Овоогийн уурхай дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг дангаар нийлүүлж байгаа бөгөөд 2017 онд хоёр сая гаруй тонн нүүрс олборлож, Дулааны IV цахилгаан станцад 1.7 сая тонн нүүрс буюу нийт олборлолтынхоо 85.6 хувийг нийлүүлсэн байна. Энэ нь Дулааны IV цахилгаан станцын нүүрсний хэрэглээний 50 гаруй хувийг хангаж байна гэсэн үг юм. 2018 онд мөн л хоёр сая гаруй тонн нүүрс олборлон, борлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тус компанийн тулгамдаж буй гол асуудал нь техникийн шинэчлэл болон өрийн асуудал байгааг онцолж байна. Тухайлбал, зээлийн төлөлт хэвийн байгаа ч нийт зээлийн өрийн үлдэгдэл Япон улсын Засгийн газрын MOP4, MOP5-ийн зээлийг оролцуулан 73 тэрбум төгрөг болжээ.
Түүнчлэн уурхайн машин, тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж, актлагдах болсноор хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Эдгээр асуудлууд нь хөрс хуулалтын ажлыг тасалдуулж, уурхайн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахаар болоод байна гэж мэдээллээ.
2010 оноос эхлэн хөрс хуулалтын ажил хоцрогдож эхэлсэн бөгөөд одоогоор нэг сая орчим метр кубт хүрсэн байна. Энэ нь 2018 оны төлөвлөгөө тасрах эрсдэлийг үүсгэж байгаа аж. Мөн 2019 оны сүүлийн хагасаас олборлолтын үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирна гэж мэдээлээд байна. Тоног, төхөөрөмжийн шинэчлэлд 38 тэрбум төгрөг шаардлагатай гэж "Шивээ-Овоо" компаниас мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй