“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл 100 хувь үндэсний аж ахуйн нэгж боллоо

Мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны мэдэгдэл хийж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл 100 хувь монголчуудын мэдэлд шилжсэнийг баталгаажууллаа. Улсын төсөвт гол жин дардаг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, үлдэх 49 хувийг ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” компани эзэмшиж байсан юм. ОХУ-ын “Ростех” компанитай хийсэн хэлцлийн дүнд Монгол Улс цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувиа эзэмшиж, Монголын компани 49 хувийг нь эзэмших болж байна. Тухайлбал Монголын талаас Худалдаа Хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр боллоо. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг үндэсний аж ахуйн нэгж болж байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг дагасан нийгмийн бүх байгууламж Монгол Улсын мэдэлд шилжиж ирнэ. Эдгээр байгууламжийн зориулалт өөрчлөгдөхгүй бөгөөд эзэмшигч өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор тус үйлдвэрийн ажилчин, албан хаагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй ажээ. Үүнээс гадна “Монросцветмет“ хамтарсан үйлдвэр ч мөн ижил зарчмаар Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж байна. “Ростех” компани энэхүү хэлцлийг хийнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн баримт бичигт Монгол Улсын Засгийн газар болон аль нэг улсын Засгийн газар, аль нэг гуравдагч этгээдэд 49 хувиа зарахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн аж. Иймд Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь үндэснийх байлгахын тулд “Ростех” компани болон Монголын компанийн саналыг зөвшөөрөхөө илэрхийлжээ. Монголын компани өөрийнхөө 49 хувийг зарах тохиолдолд эхний ээлжинд зөвхөн Монгол Улсын Засгийн газарт зарах юм байна.




САНАЛ БОЛГОХ