"Boeing" 234 сая ам.долларын алдагдал хүлээв

Мэдээ

Дэлхийн тэргүүлэх нисэх онгоц үйлдвэрлэгч "Boeing" компани "II улирлын алдагдал хүлээлтээс бага буюу нэгж хувьцаа тутамдаа 44 центийн алдагдал хүлээсэн" гэж мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт "Boeing" компани зарим нисэх онгоцны хөтөлбөрийг өөрчлөхөд гурван тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай болсон талаар мэдээлсэн. Харин шинжээчдийн зүгээс компанийн улирлын алдагдал нэгж хувьцаа тутамд 93 цент байна гэж тооцоолж байсан юм. Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "Boeing" компани "II улирлын алдагдал 234 сая ам.доллар хүрсэн. Энэ нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болсон" гэдгийг онцолсон байна. Түүнчлэн "Нийлүүлэгчдэд төлөх төлбөрийн хугацааг салбарын стандартад нийцүүлэн удаашруулах шийдвэрийг гаргасан нь бидний хувьд стратегийн өндөр ач холбогдолтой шийдвэр байсан" гэж мэдэгдэв. Хэдийгээр алдагдал хүлээсэн ч энэ оны эхний хоёр улиралд "Boeing" компанийн ашгийн хэмжээ 1.11 тэрбум ам.долларт хүрсэн бол борлуулалтын хэмжээ ч 24.8 тэрбум ам.долларт хүрч өсчээ. Харин шинжээчид борлуулалтын хэмжээг хамгийн ихдээ л 24.1 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан юм.


САНАЛ БОЛГОХ