ХХААХҮЯ: ​Ургац хураалт улсын хэмжээнд 50-аас илүү хувьтай байна

Мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 50-аас илүү хувьтай байна. Үр тарианы хураалт 60.4 хувьтай, төмс 83 орчим хувь, хүнсний ногоо 78 орчим хувьтай байгаа талаар ХХААХҮЯ мэдээллээ. Төв, Хөвсгөл, Булган, Дархан-Уул зэрэг томоохон аймагт ургац хураалт 65-70 хувь харин Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймгуудад 35-40 хувьтай байна. Ерөнхийдөө цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч энэ сарын 15 гэхэд ургац хураалтыг дуусгах зорилттой байгаа юм. Аймгуудаар нь харвал, Сэлэнгэ аймагт үр тарианы хураалт 55.3 хувьтай байна. Нийт 80.6 мянган га талбайгаас, нэг га талбай бүрээс дунджаар 17 центнер улаанбуудай хураан авчээ. Үүнээс гадна 30 мянган тонн төмс, 25 орчим мянган тонн хүнсний ногоо хурааж авсан гэж Сэлэнгэ аймгаас мэдээллээ. Ихэнх сумдад ургац хураалт 50-ээс дээш хувьтай байна. Төв аймагт гэхэд энэ сарын 10-нд хураалтыг дуусгахаар төлөвлөжээ.

Одоогоор ургац хураалт 65 хувьтай, үр тариа 61 мянган тонн, улаанбуудайг 58 мянган тонныг хурааж авсан талаар Төв аймгийн Хөдөө аж ахуйн газар мэдээлсэн. Энэ долоо хоногт орон даяар агаарын хэм эрс буурч, зарим нутгаар хур тунадас орсон. Хур тунадас газар тариалангийн гол бүс нутгаар үргэлжлэн орвол зөвхөн ургац хураалтын явцыг удаашруулахаас гадна хаягдал нэмэгдэх цаашлаад их хэмжээний чийгтэй улаанбуудай, үр тариа хурааж авснаар хураахаас эхлээд борлуулах бүх шатны ажилд нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг салбарын яам мэдээллээ.



САНАЛ БОЛГОХ