АНУ-ын 35 мужийн иргэд 154 асуудалд саналаа өгнө

Мэдээ

АНУ-ын сонгуульд оролцогчид саналаа өөрийн биеэр сонгуулийн штабт очиж өгөхөөс гадна "олон нийтийн санал асуулга" хэлбэрээр явагдаж байна. Сонгуулийн саналын хуудасны хэмжээ муж мужаасаа хамаарч өөр өөр урттай байгаа аж. Гэхдээ ерөнхийдөө бүтэн хоёр хуудас буюу дөрвөн нүүр саналын хуудас дээр байгаа асуултуудад америкчууд саналаа өгөх юм. Улс төрийн албаныхныг сонгохоос гадна 35 мужийн иргэд 154 асуудалд саналаа өгнө. Эдгээрийн дунд марихуаны хэрэглээний журмыг хөнгөлөх, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, цаазын ялыг үгүй болгох, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, татвар болон нарны эрчим хүчний хавтангийн хэрэглээ зэргийг зохицуулах тухай асуудлууд багтаж байгаа юм. Нийт 82 сая иргэнтэй есөн мужид марихуаны хэрэглээг хуульчлах тухай олон нийтийн саналыг авч байгаа ажээ.

Арканзас, Флорида, Монтана, Умард Дакота мужууд эрүүл мэндийн зорилгоор марихуаны хэрэглээг хууль ёсны дагуу болгох тухай санал авч байгаа бол Аризона, Калифорниа, Мэйн, Невадад 21-ээс дээш насныхан марихуан хэрэглэхийг зөвшөөрөх эсэхээр санал авч байгаа юм байна. Энэ асуудал Флорида, Невада гэх хоёр "swing state"-ийн ирцийг өндөр байлгаж магадгүй байгаа аж. Одоогоор 26 мужид марихуаныг эрүүл мэндийн зорилгоор хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. Үүнээс гадна 21.6 сая оршин суугчтай таван мужид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх асуудал тавигдаж байна. Аризона, Колорадо, Мэйн мужуудад 2020 он гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 ам.доллар/цаг болгож өсгөх асуудлаар санал авч байгаа бол Вашингтонд 13.5 ам.доллар/цаг болгох талаар санал авч байгаа юм.

Флорида мужид нарны хавтангуудын эзэмшлийн тухай журамд өөрчлөлт оруулах талаар санал авч байгаа бол Калифорни мужид насанд хүрэгчдийн киноны жүжигчид зураг авалтын үеэр бэлгэвч хэрэглэх ёстой эсэх талаар санал авч байгаа ажээ. Харин Колорадо мужид ял эдэлж байгаа хүмүүсийг үнэ төлбөргүйгээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох эсэх асуудлаар иргэдийн саналыг авч байна.



САНАЛ БОЛГОХ