Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар пүрэв гарагт Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг дагаж мөрдөх журмын хамт баталлаа. Гадаадын банкны салбарыг дотоодын захад нэвтрүүлэх шинэ арга замуудыг хайж байгаа энэ үед одоо байгаа банкны системд дэвшил гаргах хууль гэдгийг байнгын хорооны хуралдааны үеэр өмнө нь онцолж байсан юм. Улсын төлбөрийн системд хийсэн үе шаттай өөрчлөлтүүдийг харвал 1997 онд банк хоорондын тооцоонд мэдээллийн технологи нэвтрүүлж, цаасаар хийх тооцоог халсан байдаг. Үүнээс хойш 2006 онд Монголбанкны төлбөр тооцооны төв байгуулагдсан бол 2009-2010 онд бодит цагийн горимоор ажиллах "банк сүлжээ" систем нэвтэрсэн, картын гүйлгээ Төв банкны төлбөр тооцооны төвөөр дамждаг болжээ.
Шинээр баталсан хуулийн хүрээнд зөвхөн банкнаас гадна гааль, татвар гэх төлбөр тооцоо хийх боломжтой бүх талууд нэгдсэн сүлжээнд технологийн дэвшил нэвтэрснээр нэгдэнэ гэж төв банк үзэж байна. Өөрөөр хэлбэл, шинэ төлбөрийн хэрэгсэл, төлбөрийн үйлчилгээ бий болж байгаа учраас төлбөрийн системийн үйл ажиллагааг бүхэлд нь цогц байдлаар зохицуулах шаардлагатай болжээ.
2016 оны статистик мэдээнээс үзэхэд улсын хэмжээнд нийт 1.6 сая удаагийн гүйлгээ төлбөрийн системээр хийгдсэнээс 97 хувийг бага дүнтэй гүйлгээ эзэлж байна. Энэ нь дүнгийн хувьд бага боловч хамрах хүрээний хувьд иргэд, олон нийтийг илүү хамардаг байна. Тиймээс хууль батлагдсанаар төлбөр тооцооны үйлчилгээнд бодит бус, хэт өндөр шимтгэлийг тогтоохоос сэргийлэх, нэг үйлчилгээнд хоёр банк оролцож байгаа тохиолдолд шимтгэлийг хэрхэн хуваарилахыг шийдвэрлэх заалтыг оруулж өгчээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй