11618
Угсармал орон сууцууд усанд живж байна
ЗГМ: Сэдэв
Дулаан алдагдал зохих хэмжээнээс 35-40 хувиар нэмэгджээ
Улаанбаатар хотод, орон сууцанд амьдардаг зарим өрх гэр хорооллынхноос зутруу амьдарч байна. Учир нь 1960-1990 онд баригдсан хуучны угсармал орон сууцууд, сургуулийн барилгын ихэнх нь оройгүй байдаг тул дээврээс ус гоожих нь хэвийн үзэгдэл болжээ. Усан бороо цутгадаг намар цагт эдгээр айл бараг л “усан” дотор амьдардаг гэлтэй. Харин хаврын урь ороход өдөр нь дээврийн цас хайлж, усан тогтоол үүсэхийн сацуу хар цаасыг нь норгодог. Нойтон цаас нь шөнө овойн хөлдөж, ховхорно. Мөн хана, шал, таазны зай, завсраар дулаан алддаг гээд оршин суугчид нь жилийн дөрвөн улиралд цөөнгүй бэрхшээлтэй нүүр тулдаг байна.
Баянгол дүүрэгт ашиглалтаас гарах цаг нь аль хэдийнэ болсон хуучны 120 барилга бий. Энэ орчмын таван давхар байруудын оршин суугчид ус гоождог гэсэн гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт тасралтгүй ирүүл байна. Тус дүүргийн 19 дүгээр хорооны 53, 54 дүгээр байрны оршин суугчдын хэлж буйгаар өмнө нь зөвхөн таван давхрын айлуудын дээврээс л дусаал гоождог байж. Гэтэл бага дээр нь арга хэмжээ аваагүйгээс сүүлийн жилүүдэд доод давхрын айлууд хана, таазаар ус нэвчиж, ханын цаас нь хуурч, паркетан шал нь хөөжээ.
Иргэд өөрсдөө чадах чинээгээрээ засдаг ч жил бүр ийм хэмжээний засвар хийнэ гэдэг нь эдийн засгийн хувьд амар биш. Заримдаа цахилгааны “шит” буудсанаас тоггүй өнжих тохиолдол ч гардаг байна. Мөн орцонд цахилгааны утас ил задгай байдаг тул бороотой үед хүүхэд битгий хэл томчуудад ч аюул заналхийлж байдаг аж.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байрыг ашиглалтад орсноос нь хойш засвар үйлчилгээ хийгээгүйгээс бага зэрэг бороо ороход л дээврээс нь ус гоожиж, хүчтэйхэн салхинд байр нь нурах шахдаг гэдгийг оршин суугчид хэлж байна. Уг нь 2014 онд ашиглалтын шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ эрсдэлтэй байдал өөрчлөгдсөнгүй.
Герман, Франц, Англи зэрэг оронд манайх шиг 50 байтугай хоёр мянга, түүнээс ч олон жилийн настай барилгаа хуучны өнгө төрхөөр нь, ямар ч сэв суулгалгүй арчилж торддог. Гэтэл манайд иргэдийн амыг таглахын тулд аль болох хямд төсвөөр, хялбар аргаар нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил оромдоод өнгөрөх нь олонтаа.
Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа хуучны угсармал орон сууцуудыг засуулахаар Новосибирскийн барилгын мэргэжилтнүүдийг авчирч байсан. Эдгээр барилгыг орос “ах” нар барьсан учраас технологийнх нь дагуу засуулахаар болсон юм. Гэвч манай улсад албан тушаалтан солигдохоор хийж буй ажил нь гацдаг жишгээр өдгөө энэ ажил орхигдоод байна. Учир нь хуучны орон сууцны цахилгаан, чанар, засвар үйлчилгээ, дээвэр, тохижилтыг өөр өөр байгууллагууд хариуцдаг.
• 1960-1990 онд баригдсан хуучны угсармал орон сууцуудын ихэнх нь оройгүй байдаг тул дээврээс ус гоожих нь хэвийн үзэгдэл болжээ.
• Дээврээс ус гоожлоо гэхэд нүх сүвийг нь хар цаас давхарлаж хаахаас өөр дорвитой арга хэмжээ авдаггүй.
• Баянгол дүүрэгт гэхэд ашиглалтаас гарах цаг нь аль хэдийнэ болсон хуучны 120 барилга бий.
Тухайлбал, цахилгааны асуудлыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, засвар үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар, дээвэр болон тохижилт үйлчилгээг СӨХ хариуцдаг.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар “Сүүлийн жилүүдэд нийслэлийн хуучны угсармал орон сууцны барилгын чанар муудсан. Энэ нь засвар үйлчилгээ хийгээгүй удсантай холбоотой. Үүнийг засахад техник, технологийг нь мэддэг хүн хэрэгтэй. Гэвч өнөөдөр манайд энэ төрлийн мэргэжилтэн байхгүй” гэв.
Өнгөрсөн зургадугаар сарын 15-нд “Говь” компанид гал гарсан нь үүний тод жишээ юм. Дээврийг нь модон хийцээр давхарлаж, шилэн хөвөнгөөр дулаалснаас гадна 4-5 давхар хар цаасаар хучсан байжээ. Эдгээр материал наранд хэт халснаас гал гарсан байдаг. Энэ бол манайд орон сууц, барилгын стандарт хэрэгжихгүй байгаагийн тод жишээ.
Угтаа бол оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах ёстой анхан шатны нэгж нь СӨХ. Иргэдээс мөнгө татахдаа сурамгай хэрнээ дээврээ ч засаж чаддаггүй нь олон. Дээврээс ус гоожлоо гэхэд нүх сүвийг нь хар цаас давхарлаж хаахаас өөр дорвитой арга хэмжээ авдаггүйг иргэд хэлж байлаа.
Гэхдээ бурууг зөвхөн СӨХ-нд тохох нь өрөөсгөл. СӨХ-г ингэж давуу эрх мэдэлтэй болгосон нь оршин суугчдын хайнга зантай ч бас холбоотой. СӨХ тухайн орон сууцны оршин суугчид хуралдаж, өөрсдийн саналаар сонгодог журамтай. Гэтэл СӨХ-г сонгох, ажлыг нь үнэлэх дүгнэх болоход тэтгэврийн хөгшид л очдог. Тэгсэн хэрнээ асуудал үүсэхэд СӨХ-г буруутгадаг. Хэрэв хариуцлагатай хүмүүсийг сонгож, хийж буй ажилд нь хяналт тавьж сурвал эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох явдал багасах биз.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй