Ослоор эндсэн хүүхдийн тоогоор Монгол дэлхийг цочроолоо

ЗГМ: Сэдэв


Хүүхдийн төлөө тавыг биш 50 тэрбумыг зориулсан ч багадна гишүүд ээ!

Өнөөдөр төр, засгийн эрхмүүд, холбогдох байгууллагынхан хүүхдийн ирээдүйн төлөө халаасаа хоослоход ч бэлэн мэтээр цэцэрхэж, дуу нэгтэйгээр “за” гэж хэлдэг. Ам нээх болгондоо тэд хүүхдийн аюулгүй, ая тухтай орчинг бүрдүүлнэ гэж цээжээ дэлдэж суудаг. Энэ нь тэдний зүгээр л олонд таалагдах гэсэн дүр эсгэлт байдгийг бишгүйдээ нэг харлаа.Гэтэл бодит байдал ямар байдаг билээ. Тэд хүүхдийн төлөө амаа л сайн хөдөлгөж “За” гэж хэлчихээд харин гараа хөдөлгөхөө мартчихдаг гэмтэй, зантай.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 70 хүүхэд ор сураггүй болж, дөрвөн мянга гаруй хүүхэд хүчирхийлэлд өртөж, жилд дунджаар 50 гаруй хүүхэд зам тээврийн ослоор хорвоог орхиж байна. Олон Улсын байгууллагаас хийсэн судалгаагаар зам тээврийн ослоор, тэр дундаа зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдийн тоогоор монголчууд дэлхийд тэргүүлээд байгааг эрх мэдэлтнүүд магадгүй огт сонсож дуулаагүй яваа биз. Манайд олон улсын байгууллагаас хийсэн статистик мэдээллийг ашиглахаас биш энэ талаар бодитой хийгдсэн тоон үзүүлэлт ч огт алга. Үүнээс харахад хүүхэд хамгааллын асуудлыг барьж, тогтооход бэрх болжээ. Ер нь бид хүүхдүүдийнхээ төлөө нээрээ юү ч хийдэггүй юм биш байгаа гэсэн түгшүүрт бодол төрж байна.

Осолд өртсөн нийт хүүхдийн 42.8 хувийг 8-14 насныхан эзэлдэг
Гэтэл бусад улс яаж, ямар бодит арга хэмжээ авдгийг харьцуулаад үзлээ. АНУ-д Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг холбооноос хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг 19 сая ам.долларыг жил бүр зарцуулдаг бол хүүхэд хамгаалалд жилд зургаан тэрбум ам.долларыг улсаас нь төсөвлөдөг байна. Үнэхээр хүүхдийн эрх ашгийн төлөө ингэж л ажилладаг юм байна. Атаарахмаар байгаа биз. Манайх болохоор чив чимээгүй байж байгаад саяхан асуудал босоод ирэхэд л татганаж байж дуртай дургүйхэн хүүхэд хамгаалалд зориулж 2018 онд ердөө таван тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Үүнийгээ улсын цэцэрлэгүүдэд тоглоом, орчны шинэчлэл, тохижилтод зарцуулах аж. Хүүхэд хамгаалалд төсөвлөсөн энэ хөрөнгө улс байтугай нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгүүдэд ч хүрэхгүй. Ордонд суудаг өрөөгөө тохижуулахдаа л тэрбум төгрөг төсөвлөдөг атлаа хүүхдэд болохоор хэрхэн хандсаныг харахаар үнэн гомдмоор. Тав байтугай тавин тэрбум ч багадна. Ийм байхад Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй орчинд амьдрах боломжийг хэрхэн бүрдүүлэх билээ. Хэвлэлийнхний өмнө хэлбэрдэж, бардам загнаж суугаа эрхмүүдийн үг, үйлдэл хол зөрөөгүй бол хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан.

ЖИЛД 50 ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ БАЙНА

Олон улсын статистикийн газраас хийсэн судалгаагаар Монгол Улс явган зорчигчдод хамгийн эрсдэлтэй орнуудын жагсаалтыг тэргүүлжээ. Тэр дундаа осолд өртсөн бага насны хүүхдийн тоогоор дэлхийн улс орнуудын жагсаалтыг манлайлж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн онд гэхэд Улсын хэмжээнд 1112 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 54 нь амь насаа алдаж, 225 нь хүнд гэмтсэн байна. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн 966 тохиолдол бүртгэгдсэн гэж Замын цагдаагийн газраас мэдээлсэн. Статистик үзүүлэлтээс харахад зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 42.8 хувь буюу дийлэнх хувийг 8-14 насны ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзлээд буй. Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургуулийн хооронд явж байхдаа зам тээврийн осолд өртдөг байна. Автозамын замбараагүй зохион байгуулалт болон жолоочийн хариуцлагагүй үйлдэл, томчуудын хайхрамжгүй байдал ослын шалтгаан болж байгааг албаныхан онцлов. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн ойролцоох замаар гарцгүй газраар гүйх, асран хамгаалагчгүй зам хөндлөн гарах, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх дүр зураг нүдэнд дасал болчихож.

Түүнчлэн жолооч нарын хариуцлагагүй үйлдэл бусдын хүүхдийн амийг аваад зогсохгүй, насан туршдаа эмнэлгийн хаалга татсан эрэмдэг болгоход хүргэдэг. Холбогдох эрхмүүдэд дуулгахад нийслэлийн Баязүрх дүүргийн Монтурк, Олонлог болон ерөнхий боловсролын 127, 102, 24 зэрэг зургаан сургуулийн сурагчид зам тээврийн осолд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй юм байна. Мөн Баянгол, Хан-Уул дүүргийн Гурвантамир, Лидер, Номун далай, ерөнхий боловсролын 121, 10 зэрэг сургууль замтай ойрхон байрладаг нь осолд өртөх өндөр эрсдэлтэйд тооцогддог гэнэ. Хүүхдийн төлөө “За” гэж үнэхээр чанга хэлж байгаа бол энэ мэт эрсдлийг багасгахын төлөө юу хийснээ хэлээч.

Эндээс харахад өнөөдрийг хүртэл зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулж чадахгүй байгаа бодит жишээнээс эхлээд хүүхдийн аюулгүй амьдрах орчин манайд бүрэлдэн тогтох боломж бүрдэхгүй нь бололтой.

ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ХӨСӨР ХАЯГДЖЭЭ

Гаднын туршлагаас харахад, Англид 2020 он хүртэл явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахын тулд жолоочийн аюулгүй байдлын систем, ухаалаг хурд хянагч технологи, гарц хянагч SCOOT технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлээд буй. Ази, Европ, АНУ-д зам тээврийн ослын аюулгүй байдал, осол гарч буй шалтгааныг бүрэн тодорхойлж, зорилтот бүлгийг буюу бага насны хүүхдийг аюулгүй зорчиход нь илүү анхаарч, цоо шинэ маркетинг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Харин Монгол Улсын хувьд өнгөн дээрээ зөв зохицуулалт хийж байгаа мэт хэлбэрддэг ч хөшигний цаана улсын хөрөнгөөр тоглож, хүүхдийн ирээдүйг хөсөр хаясан нь нууц биш. Иймээс Монгол хүүхдийн ирээдүйг гэрэлтэй байлгахын тулд хүүхэд хамгааллын асуудлыг чухалчилж, эрсдэлтэй нөхцөл байдлыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгааг эрх мэдэлтнүүд анхааралдаа авч хөнгөн хийсвэр хандахгүй байвал сайнсан. Та бүхний амаа хөдөлгөхийг арваад жил харлаа, одоо гараа хөдөлгөхийг л хармаар байна.

САНАЛ БОЛГОХ