Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав
2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталлаа. Өргөн барьсан төсөлд зарим өөрчлөлтийг хийснээр төсвийн алдагдал хоёр их наяд 617.4 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл алдагдал Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 0.04 пунктээр буурчээ. Тухайлбал, 16.4 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 11 төсөл арга хэмжээ, мөн аудитын дүгнэлтгүй 32.6 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй дөрвөн төсөл арга хэмжээг хасаад байна. Хэдий тийм боловч төсвийн алдагдал өндөр хэвээр байгааг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцолж байсан юм.
Төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийн үеэр анхаарал татсан асуудлын нэг нь Төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудал байлаа. Төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад Төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохыг чуулганаар дэмжээд байгаа юм. Үүнийг халамжийг хавтгайрууллаа гэж шүүмжилж байгаа бол "Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан Олон Улсын Валютын Сангийн гэрээг зөрчихгүйгээр ийм дундын арга хэмжээ авч байна" гэж Сангийн сайд тайлбарласан юм.
Үүнээс гадна УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Эдийн засгийг тэлэхэд төсөв мөнгөний бодлого чиглэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Гадаад валютын нөөц оны эцэст хоёр тэрбум ам.долларт хүрэхээр байгаа" талаар мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй