ДЦС-III-ын цэвэр ашиг ес дахин өсчээ
Дулааны цахилгаан станцууд энэ оны эхний хагас жилд ашигт ажиллагаагаа хадгаллаа. Тухайлбал, ДЦС-III-ын цэвэр ашиг ес дахин өсөж, 4.3 тэрбум төгрөгт хүрсэн. Ингэснээр ашгийн хэмжээгээр тэргүүлэв. Харин ДЦС-IV-ийн цэвэр ашиг 13 дахин нэмэгдэж, 2.97 тэрбум төгрөгт хүрчээ.
Эдгээр цахилгаан станцын орлого нийлээд 170 орчим тэрбум төгрөг болсон. Харин ДЦС-II 94.9 сая төгрөгийн алдагдал хүлээжээ. Дотоодын эрчим хүчний хэрэглээний дөрөвний гурвыг хангадаг ДЦС-III болон ДЦС- IV-д 2014 онд өргөтгөл хийж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Ингэснээр зардлаа танах боломж бүрджээ. 2015 онд ДЦС-III-ын зардал орлогынх нь 91 хувьтай тэнцсэн бол 2016 он гарсаар зардал нь 83 хувиар буурчээ.
Одоогоор томоохон цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусах шатандаа явж байна. Түүнчлэн Багануур, Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг шинэ төслүүд хэрэгжих хүлээлттэй байгаа. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдээд зогсохгүй салбарын ашигт ажиллагаа сайжрах төлөвтэй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй