Шинзо Абэ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээ амлав
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ болон хүн амын насжилттай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээ амлалаа. Тэрбээр ням гарагт болсон сонгуулиар эрх баригч намд дэмжлэг үзүүлсэн хүмүүст талархлаа илэрхийлсэн байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Бид БНАСАУ-ын цөмийн зэвсэг, пуужингийн аюул заналхийллийг хатуу, шийдэмгий дипломат аргаар шийдвэрлэж чадна гэж найдаж байна. Олон улстай хамтарч БНАСАУ-ын цөмийн туршилтыг зогсоох болно. Ямар ч нөхцөлд иргэдийнхээ амь насыг хамгаалж, энх тайван аж төрөх орчныг бүрдүүлнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд бидэнд сорилтууд бий. Бидэнд Парламентын гишүүдийн олонхын дэмжлэг хэрэгтэй. Эрх баригч нам Парламентын доод танхимын олонхын дэмжлэгийг авсан ч бидэнд сөрөг хүчнийхний дэмжлэг хэрэгтэй. Үүний дараа бүх нийтийн санал асуулгаар мөн иргэдийн дэмжлэг хэрэг болно. Тиймээс энэ хүрээнд бид хичээж ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.
Шинзо Абэгийн тэргүүлсэн эрх баригч Либерал Ардчилсан намын эвсэл Парламентын доод танхимд олонхын суудал авсан юм. Тэрбээр ийнхүү улс төрийн томоохон ялалт байгуулсныхаа дараа боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэтгэврийн системийг шинэчилж, сайжруулах зэрэг амлалтуудыг өгчээ. Энэ нь түүнд "Японы Үндсэн хуульд өөрчлөлт оруулах" санаачилгаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгааг ажиглагчид онцолж байна.
Ерөнхий сайд Шинзо Абэ нь дайнаас татгалзах тухай заасан Үндсэн хуулийн есдүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. Тэрбээр энэхүү санаачилга нь батлан хамгаалах салбараа бэхжүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа ч ажиглагчид түүнийг эргээд цэргийн дэглэмд оруулахаар зэхэж байна гэж шүүмжилж байгаа юм. Харин ард иргэд нь энэ асуудлаар хоёр талд хуваагдсан саналтай байгааг сүүлд явуулсан санал асуулгаас харж болохоор байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй