Нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх, манлайлалд хөтөлсөн 30 жил - JCI Монгол байгууллага
JCI буюу “Junior Chamber International” нь АНУ-ын Миссүри мужийн Сэйнт Луис хотод 1915 онд байгуулагдсан бөгөөд 100 гаран жилийн түүхэн замналдаа НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч, Японы Улсын Долоон Ерөнхий сайд, Жак Ширак, Билл Гейтс, Алберт Гор зэрэг дэлхийн олон алдартнуудыг эгнээнэдээ нэгтгэсэн Олон Улсын төрийн бус байгууллага юм.
Идэвхтэй залуу иргэдийн дэлхийд тэргүүлэх байгууллага байх гэсэн алсын хараатай тус байгууллага нь өдгөө 120 гаруй улсад 5000 гаруй салбартай бөгөөд 18-40 насны 200,000 гаруй идэвхтэй гишүүд, нэг сая гаруй дэмжигчидтэйгээр залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс хамтран сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна. JCI байгууллага нь НҮБ-д зөвлөх эрхтэй цорын ганц олон улсын залуучуудын байгууллага бөгөөд ЮНИСЕФ, ЮНЕСКО–ын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож байдаг нь энэ байгууллагын бас нэгэн онцлог юм.
Харин манай улсад “JCI Монгол байгууллага” 1992 онд үүсгэн байгуулагдаж, 1995 онд Шотландын Гласгов хотод зохион байгуулагдсан JCI байгууллагын 50 дахь Чуулганаар JCI байгууллагын гишүүн Үндэсний байгууллагаар батламжлагдсан түүхтэй. Одоо 15 салбар, хоёр ажиглагч салбар байгууллагатай болон өргөжиж, 2022 оны байдлаар 1232 гишүүн, 400 гаруй сенатор, 1000 гаруй дэмжигч, хамтран ажиллагч нартай үйл ажиллагаагаа явуулж байна.
JCI байгууллага өөрийн даган мөрдөх зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж дараах 4 боломжийг гишүүддээ олгодог. Үүнд:
1. Хувь хүний хөгжил: Залуучуудын хүсэл мөрөөдөл, ирээдүйд итгэх итгэл, чөлөөт бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын олон сургалт, семинар, нөхөрсөг уулзалт, чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, ингэснээр нийгэмдээ ч эерэг хувь нэмэр оруулдаг. Мөн JCI Монгол Академийн сургалтаар дамжуулан гишүүдийг олон хөтөлбөрт арга хэмжээнд хамруулж, байгууллага хамт олныг олон улсын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг.
2. Нийгмийн хөгжил: Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гишүүддээ нийгмийн шаардлагыг мэдэрч, нийгмийн асуудалд суралцаж, тэдгээрийг шийдвэрлэх бодит туршлага хуримтлуулах боломжийг олгосноор тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт бий болгож чадах иргэнийг төлөвшүүлэн бэлтгэх.
3. Олон Улсын хамтын ажиллагаа: Олон Улсын чуулга уулзалт, сургалт, академи болон Үндэсний байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан орон орны залуучуудтай нөхөрлөн, дэлхийн бусад орны соёл, зан заншилтай танилцахын зэрэгцээ дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжийг гишүүддээ олгох.
4. Бизнес хамтын ажиллагаа: Олон Улсын арга хэмжээ болон дотоодын сургалт хөтөлбөр, уулзалтад оролцох, зохион байгуулах замаар гишүүд бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх, бизнесийн шинэ санаа олох, олон улсын хэмжээнд мэдээллээ солилцох, хамтарсан бизнес эрхлэх, дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад айлчилж туршлага солилцох боломжийг гишүүддээ олгох.
Залуу манлайлагчдад эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг олгох нь JCI байгууллагын эрхэм зорилго аж. Ийнхүү Монголын идэвхтэй залуусыг эерэгээр өөрчлөн хөгжүүлж, нийгэмд тодорхой хувь нэмэр оруулсан үйлсээрээ ТОД гэрэлтсээр байгаа JCI Монгол байгууллага энэ онд 30 жилийн түүхэн, тэмдэглэлт ойтойгоо золгож байна.
Гишүүдийнхээ татвар, дэмжигч нарынхаа хандиваар санхүүждэг JCI Монгол байгууллага улс үндэстнийхээ хөгжилд бодитой хувь нэмэр болохуйц олон төсөл, хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал ЦЕГ-тай хамтарсан “Нэг хором” төсөл, нярай хүүхдийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн “Save angles” төсөл, Цус Сэлбэх Судлалын Үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлдэг “Амьдрал бэлэглэе” гэх мэт төслүүдийг иргэд илүүтэй мэддэг болсон.
Ийнхүү “JCI Монгол” гэсэн нэгэн дээвэр дор нэгдсэн идэвхтэй, залуу, манлайлагч иргэд хамтдаа “Хүний төлөө сайн сайхан зүйлийг хийж бүтээх нь амьдралын хамгийн эрхэм үйлс” хэмээн өөрт шууд хамааралтай бус ч нийгэмд тулгараад буй сорилт, асуудлуудыг шийдэх гарц шийдэл хайж, түүний төлөө өөрсдийн оюун, санхүү, цаг заваа зарцуулсаар байна.
JCI Монгол байгууллагын салбар байгууллагууд өнгөрсөн хугацаанд нийгэмд болон дотооддоо чиглэсэн 300 орчим төсөл, тогтвортой хөгжлийн зорилтын 200 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Дашрамд дурдахад JCI байгууллага нь нэг жилийн манлайллын онцлогтой. Нэг хүн, нэг албан тушаалыг нэг жил л хашдаг. Энэ нь дээр дурдсанчлан бусдынхаа хөгжих, шинэ зүйлд өөрийгөө сорих, цаашлаад алдаж, онох боломжоор нь хангадаг гэсэн үг. Харин 30 дахь жилийнхээ түүхийг бичиж буй JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн: Хэн нэгнээс илүү байх биш, хэн нэгнээс дутуу байх биш, харин гайхалтай өнгө будгаар өөрсдийн түүхээ баяжуулан, хамтдаа ТОД гэрэлтэхийг нийт JCI Монгол байгууллагын гишүүддээ уриалж “SHINE BRIGHT” уриалгыг гаргаад байна.
2022 ОН
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй