Дэлхийн эдийн засгийн сорилт
Монголоо сэндвичэн эдийн засаг болгоё
Aж үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүнд тооцогддог нүүрс, зэс зэрэг түүхий эдийн бүтээгдэхү үний үнэ уналттай байгаа үед эдийн засгийг сайжруулах, санхүү мөнгөний cалбаpыг эрүүлжүүлэх явдал шинэ УИХ, шинэ Ерөнхий сайдын нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал мөн. Худалдааны гол түнш–өмнөд хөршийн эдийн засгийн бууралт манайд толины ойлт аятай нөлөөлсөн. Одоо яах ёстой вэ? Юуны өмнө санхүү, эдийн засгийн байдлыг сайжруулах, үүний тулд ОУВС- аас дэмжлэг авч, эдийн засгийг яаралтай сайжруулах тусгай хөтөлбөр боловсруулах ёстой. Эдийн засгийн хүнд нөхцөлөөс хэрхэн түргэн гарах арга замыг эрэлхийлж, шийдвэрлэхэд өчүүхэн нэмэр болох болтугай гээд дэлхийн эдийн засгийг тольдож, бас Монголдоо гарц хайн тайлбарлая.
Дэлхий дахинаараа 2.4 хувийн өсөлттэй байна гэх тооцоо бүхий “2016 оны Дэлхийн эдийн засгийн байдал, төлөв” (World Economic Situation and Prospects 2016) гэх илтгэл НҮБ-аас эрхлэн гаргажээ. Үүнтэй нэгэн адил дүгнэлтийг Дэлхийн банк “Дэлхийн эдийн засгийн төлөв, 2016 оны зургадугаар сар” (Global Economic Prospects, June 2016) гэх илтгэлдээ мөн айлджээ. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд олигтой өөрчлөлтгүй хэвэндээ байхыг тэд ийнхүү ёрлох аж. Шалтгаан нь мөн л түүхий эдийн үнэ унасан, дэлхийн худалдааны хэмжээ буурсан, гадаад хөрөнгө оруулалт багассан явдал байх ба дээр нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн онцгой үзэгдлүүд, мөн лалын террористуудын өдөөсөн дайн, тэр дайны уршиг, дүрвэгсдээс шууд хамааралтай хэмээн дүгнэжээ.
Гэхдээ дэлхийн хямрал алаг цоог байна. Өрнийн өндөр хөгжилтэй орнууд хямралаас гарч, эдийн засгийн байдал сайжирч байгаа ч удаашралтай, энэ эрчээрээ явбал ойрын хэдэн жил дэлхийн эдийн засагт нааштай өөрчлөлт гарахгүй. Ийм өнцгөөс харвал глобал эдийн засагт хуримтлагдсан бүтцийн шинж чанартай тулгамдсан асуудлуудаа засаж залруулах ёстой. Дэлхийн геополитикийн хурцадмал байдал сөргөөр нөлөөллөө гэхэд ийм байдлаас гарах бүтээлч, оновчтой арга замыг эрэлхийлэх ёстой.
Дэлхийн тэргүүлэгч улс орнууд эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр хайсаар байна. Тоон систем, аж үйлдвэр, робот техник, эрчим хүч, биотехнологи, анагаах ухааны болон бусад салбарт гарч буй шинжлэх ухааны нээлтүүд технологийн хувьсгалд хүргэж, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөд тэсрэлт авчирсаар. Ийм үйл явц бүхэл бүтэн салбаруудыг бүтцийн өөрчлөлтөд оруулж, томхон үйлдвэрүүд болон хөрөнгийг үнэгүйдүүлэв. Эдгээрээс үүдэн мэргэжлийн эрэлт хэрэгцээнд өөрчлөлт орж, уламжлалт болон шинээр үүсэж буй зах зээл дээрх өрсөлдөөн нэмэгджээ. Шинэ үеийн технологийн үр ашгийг өмчирхөх, монополчлох оролдлого дагалдлаа. Технологийн нээлтүүд дэлхийн бусад бүс нутагт тэр бүр нэвтрэхгүй байна. Хэргээр нэвтрүүлэхгүй байна. Технологийн түрээсийн ашгийг өндөр хэмжээнд хүртдэг бизнес ядуу буурай орнуудад тун халтай туслаа. Технологийн хаалттай орчин буй болгохыг оролдож байна.
Гадаад түншүүдийн арааны шүлс асгам эдийн засгийг Монголд бүтээе
Глобал түвшинд ингэдэг юм гэхэд манай эргэн тойрны эдийн засагт бас л өөдтэй төсөөлөл огт буухгүй байна. Нэгдүгээрт, ОХУ-ын эдийн засаг энэ онд төдийлэн сайнгүй байх төлөвтэй хэмээн НҮБ- ын илтгэлд тэмдэглэсэн бол Дэлхийн банкны илтгэлд ОХУ-ын эдийн засгийн хямрал үргэлжилнэ гэжээ. НҮБ-ын илтгэлд дурдсанаар ОХУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй санхүүгийн хатуу бодлого, тогтмол буурч байгаа гадаадын хөрөнгө оруулалт, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт, тус улсын эсрэг авсан эдийн засгийн хориг зэргээс хамаарч ойрын хугацаанд сайжрахгүй аж. Орос маань экспортын нэр төрлөө өөрчлөхгүй л бол гал унтраасаар байх бололтой. Хоёрдугаарт, БНХАУ-ын тухайд өмнөх жилүүдэд гарч байсан өндөр өсөлт 2016-2017 онд харагдахгүй. Шалтгаан нь тус улсын дотоод бэрхшээл, тэр дундаа эдийн засгийн бүтцийн шинэчлэл байх аж. Гуравдугаарт, Хятадыг тооцохгүйгээр Зүүн Азийн эдийн засаг харьцангуй сайн байх төлөв ажиглагдав. 2012- 2014 онд дунджаар 6.3 хувийн өсөлттэй байсан эдийн засгийн өсөлт 2016 онд 5.6 хувь байх төлөвтэй. Дөрөвдүгээрт, Өмнөд Азийн эдийн засгийг НҮБ, Дэлхийн банкны илтгэлүүдэд өөдрөгөөр дүгнэжээ. Энэ жил 6.7 хувиар өснө. Бангладеш, Пакистан, Энэтхэг, Шри Ланкийн эдийн засаг өмнөх жилүүдийн нэгэн адил өсөлтөө хадгалах үндсэн шалтгаан нь эдгээр улсад хэрэглээ өндөр хэвээр байхад оршино.
Дөрвөн янзын прогноз бууж байна. Энэ дөрвөөс Орос хэцүүхэн байх төлөвтэй. Иймд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэлсэнчлэн, ОХУ-д бизнесийн орчныг либералчилж, сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн болон бизнесийн байгууллагууд хоорондын харилцааг эрх тэгш болгох, хөгжлийг удирдах шинэ арга барилд шилжиж, төслийн удирдлага, менежментийг хэрэгжү үлэх механизм бий болгох, ямарваа төсөл хэрэгжүүлэхэд ОХУ-ын үүд хаалгыг нээх амлалтыг гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх ёстой болж байна.
Дээрх хоёр илтгэл рүү эргэж оръё. Манай улсын эдийн засгийн амь тариа болох түүхий эд яах бол, энэ онд? Түүхий эдийн үнэ 2016 онд өсөх төлөв харагдахгүй гэх төсөөлөл дээрх хоёр илтгэлээс буухаар байна. Нарийвчлая, бидэнд хамаатай нь аль вэ, түүхий эд экспортлогчид тэмдэглээд аваарай. Нийт 24 нэр төрлийн гол түүхий эдээс цай, какао, хөвөн гэх гуравхан түүхий эдийн үнэ 2015 онд өссөн. Харин бусад, тэр дундаа уул уурхайн гаралтай түүхий эд 2016 онд өсөхгүй байх төлөвтэй. Түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол мэтийн хөгжиж буй орнуудын макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эл эс өсөлт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй боллоо. Гурван шалтгаанаар тэр.
Хятад зэрэг шинээр эрчтэй хөгжиж буй эдийн засгуудад түүхий эдийн эрэлт, ялангуяа уул уурхайн гаралтай түүхий эдийн эрэлт бага байх болно гэжээ. Эрэлт бага бол үнэ өсөхгүй байх үндсэн шалтгаан нь тэр болно.
2008 оны санхүүгийн хямралаас өрнийн хөгжингүй орнууд гарсан. Гэхдээ энэ үйл явц их удаан явагдсан, явагдаж байгаагаас үнэ өсөхгүй байх бас нэг шалтгаан оршино. Америк долларын ханш чанга байгаа нь түүхий эдийн үнэ бага байх бас нэг шалтгаан болж байна.
Хоёр хөршийн ба түншүүдийн анхаарал болоод хөрөнгийг чөлөөт бүс рүү татмаар
Америк доллар чангарах тусам, ялангуяа хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтүүд суларч, улмаар эдийн засагт нь сөргөөр нөлөөлнө.
Эдийн засгийн онолоор америк доллар чангарах тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх учиртай. Гэтэл бодит байдал дээр хөгжиж буй орнууд руу орох гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх бус, буурлаа. Ихэнх хөрөнгө оруулагчид мөнгөө эдийн засгийн өсөлтийг хангах бодит салбарт оруулахаас илүүтэй түргэн хугацаанд ашиг олох санхүүгийн зах зээлд байршуулах хандлага нэмэгдлээ. Энэ мөн Монголд хамаатай бас нэг шалтгаан.
Дэлхийн эдийн засаг өсөлтгүй байх нь хөгжиж буй орнуудын (Монгол мэтийн) макро эдийн засагт сөргөөр нөлөөлж, улмаар нийгмийн салбарт бэрхшээл дагуулах болно гэх дүгнэлт НҮБ-ын илтгэлд явж байна. Энэ нь цаашлаад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чамгүй хүндрэл учруулж, хамгийн аюултай нь хөгжиж буй орнуудын өрийг улам нэмэгдүүлж, төлбөрийн чадварыг улам бууруулна гэжээ.
Гэхдээ ингэж дүгнэлээ гээд сэтгэлээр уначихаж болохгүй. НҮБ, Дэлхийн банкныхаас өөр судалгаа надад байна. Тэнд ололтыг олж харах болно. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш өрийн өсөлтийг зогсоож чадаагүй ч хязгаарласан, мөнгөний урсгалыг илүү ил тод, удирдлагатай болгож, санхүүгийн балансыг бага боловч тэнцвэржүүлсэн гэж байна.
НҮБ, Дэлхийн банкны илтгэлээс үзвэл Монголд төр-засаг хэд ч солигдоод, ямар ч хэмнэлт гаргаад үр дүн харагдахгүй мэт дүр зураг буухаар. 2016-2017 онд дэлхийн эдийн засаг сайжрах төлөв ажиглагдахгүй гэсэн ерөнхий дүгнэлтийг нь тогтож хар. Манай хоёр хөршийн эдийн засаг ч сайнгүй байх төлөвтэй. Гадаад орчноос болон уул уурхайн экспортоос хэт хамааралтай манай жижиг эдийн засгийн хувьд ирэх хоёр жилд тийм ч таатай бус байх юм биш үү? Түүхий эдээс хараат байдлыг аажмаар багасгах, ойрын 5-7 жилдээ шатахуун, эрчим хүчний хамаарлыг эрс бууруулахгүйгээр сайжралыг үзэхгүй.
Түүхий эд гэснээс түүнд бүх бурууг тохохгүй. Ерөөсөө дэлхийн эдийн засаг өөрөө хүнд сорилттой тулгарч байна, ихэнх улс орoн тогтолцооны сорилтыг туулж байна. Тэгэхээр Монгол үүнээс сондгойрохгүй. Юуг хэлж байна вэ гэхээр уул уурхайд түшсэн эдийн засгийн бүтцээ эргэж харах, нээлттэй, уян хатан, интеграцчиллын чиглэл бүхий эдийн засгийг бүтээх, үүнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдлэгт суурилсан авсаархан экспортын бүтэц буй болгох хувилбарыг хэлж байж болно. Нээлттэй, уян хатан эдийн засаг гэдэгт юуг багтааж ойлгох вэ? Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэмэгдүүлэх, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан, зохистой хэрэглээг хөхиүлэх, санхүүгийн сахилгаа бэхжүүлэх, олон улсын түвшинд сүүлийн үед ихээхэн анхаарал хандуулж буй хууль бус санхүүгийн урсгалтай тэмцэх, Монголоос хууль бусаар гарах мөнгө, санхүүгийн урсгалыг зогсоох, Монголын эдийн засагт шингээх явдлыг энд хэлж байна.
Дэлхийн эдийн засгийн чиг хандлагуудыг тооцсон, дэлхийн технологийн хөгжил дэвшил, шинээр үүсэж буй зах зээлүүд, интеграцчилал ба хамтын ажиллагааны боломжуудыг ашиглахыг зорьсон байдлаар монголчууд бид эдийн засгийн хөгжлийн стратегиа боловсруулах ёстой болов уу.
Гурван улс дамнасан эдийн засгийн коридороо яаралтай байгуулж эхлэх нь чухал байна. Евразийн эдийн засаг, худалдааны иж бүрэн түншлэл үүсгэх Оросын санаачилгыг угтуулсан алхам бидэнд хэрэгтэй. “Евразийн их түншлэл” хэтдээ буй болно, түүнтэй эдийн засгийн коридороо хэрхэн холбох вэ гэдэгт хариулт хайя. Татагдан орох бус, өөрсдөө ухаалаг саналтайгаар нэгдэж нийлж болох юм. Мөн оросуудын санаачилсан “Восточный экономический форум”-д оролцох урилга ирвэл бид бэлэн үү?
Дэлхий ингэчихэж гээд эдийн засаг өөдлөхгүй, мөнгө байхгүй тухай бид үлгэр ярихаа халах цаг болсон. Дэлхийн 100 гаруй улсад 1000 гаруй чөлөөт бүс байдаг юм гэнэ билээ. Монголд одоо ч Алтанбулагийн, Замын-Үүдийн унтаа бүс байна. Түүнийг сэргээж амилуулж, дээр нь нэмээд Цагааннуурын чөлөөт бүс шинээр цогцлуулж, тийшээ хоёр хөршийн ба түншүүдийн анхаарал болоод хөрөнгийг татмаар байна. Тяньжинаас Эрхүү хүртэл бизнесийн коридор байгуулах, гол ачаа ба ашгийг Монгол хүртэх цаг болсон мэт. Ер нь чөлөөт бүсүүдээ “алтан цагариг” болгох – цагариган дотор хөрш түнш орнуудын бизнес, хөрөнгө оруулалт ирж байрших ба тэдэнд гааль, татварын хамгийн хөнгөлөлт тэй үйлчилгээ үзүүлэх талаар сэдэж хийе гэвэл манайд нөөц асар их бий.
“Сэндвичэн эдийн засаг” гэж чихэнд дасаагүй нэг нэр томъёо зориглоод гарчигт биччихсэн. Тэр бол гадаад түншүүдийн арааны шүлс асгам эдийн засгийг Монголд бүтээе гэсэн миний мөрөөдөл юм. Уул уурхайгаас гадна энэ улс чинь Евразийг хойноос урагш холбох ложистикийн талбар, Төв Азийг Зүүн хойд Азитай холбох чухал гарц юм гэдгийг дэлхийд таниулъя. Үзээд, хэсээд, аялаад барахгүй байгалийн онгон дагшин нутаг, түүн дээр авсаархан, хөдөлгөөнт дэд бүтцийг нэмчих юм бол тэр сэндвич нэрэндээ тохирмоорсон. Хоёр талхны завсарт хавчуулсан амттай маханд дурлахгүй хэн байх билээ. Тийм үү?
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй