Иракт ардчиллыг цогцлуулaх дайн
Дэлхийн хандлага
Иракт эх орон, нэг үндэстэн, үндэс угсаа гэх ойлголт байхгүй
Иракийн Мосул хотын төлөө ширүүн дайн өрнөсөн тухай хэвлэлүүдэд бишгүй мэдээлж байна. Америк цэрэг Иракийн Засгийн газрын цэрэгтэй хамтран террористуудын эсрэг тулалдлаа. Энэ бүхний учрыг зөвөөр эргэцүүлээсэй хэмээн дараах нийтлэлийг АНУ-ын өнцгөөс эшлэн толилууллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Жopж Бушийн алдарт үгээс эхтэй дайны логик төгсгөл рүүгээ явж байна гэвэл уншигч Та итгэх үү. АНУ-ын шинэ гадаад бодлого буюу Глобал ардчилсан хувьсгал хийх хэмээн тэрбээр хэлж байсансан. Иракийг чөлөөлснөөр Ойрхи Дорнод тэр чигтээ ардчилсан хувьсгалын галд шатаж, Ирак түрүүлэн ардчилсан нийгмийг цогцлуулна. Энэ нь улмаар энэ бүс нутгийн бусад улс түмэнд үнэ хүргэх үлгэр жишээ болох байсан. Улаанбаатар хотноо 2013 онд зохиогдсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд уригдсан Иракийн иргэний нийгмийн төлөөлөгч бүр Бушийн эсрэг ярьсан. “Арабын хавар” гэж огт байгаагүй, болоогүй, шал хоосон хийсвэр ойлголт, Иракийн 10 жилийн гамшиг зовлонг ажваас Арабд ардчиллын чиглэлд хувьсгал хийгдэх боломжгүй хэмээн ирак бүсгүй ярив. Аль нь зөв юм бэ.
Мэдээж Иракийн тухай иракийн иргэн л зөв ярьсан байх. Ирак бол Сиритэй төстэй, нэг түүхтэй болох шахсан үе ч бий. Хоёр улсад байгаа Баас нам нэгдэж, нийлж байсан үеийг мартаагүй. Хафез Асад, Саддам Хусейн хоёр хэн хэндээ ихэрхээд хоёр нам нийлээгүй. Сиритэй төстэй тал нь олон шашинтай аль алинд нь курдууд байдаг.
Мусульман-суннит Саддам Хусейны дэглэмийн үед шийтүүд хавчигдаж, эдүгээ мусульман– шийт Ерөнхий сайдын өнгөн дээр суннитууд нь улс төр, эдийн засгийн бүхий л дарамтыг үзэн гадуурхагдаж байгаа аж. Ирак дахь шашны харьцаа нь хүн амын 97 хувь нь мусульманчууд (60-65 хувь нь шийт, 32-37 хувь нь суннит) үлдэх гурван хувь нь христианчууд, өөр ганц нэг шашинтан бий. Үндэстний харьцаа нь арабчууд 75-80, курдууд 15-20 түрэг, ассирчүүд таван хувь. Энэ тоонууд юуг илтгэх вэ. Иракт “эх орон”, “нэг үндэстэн”, “үндэс угсаа” гэх ойлголт байхгүй, харин “нэг шашинтан” гэх ойлголт хатуу хөшиж тогтсоныг илтгэх мэт.
2006-2007 онд суннитын экстремистүүд Аль-Каеда-тай холбоо тогтоож аваад шийтүүдийг цээрлүүлэх кампани өрнүүлж эдүгээ хүртэл үргэлжилж, үр дүн нь тэр “Лалын улс” (ISIL) бүлэглэл болчихоод байна. Шийтийн районуудаас суннитуудыг хөөж гаргасан, суннитуудыг эрүүгийн элдэв ялд унагадаг болсон нь үүнд шууд далим болсон. Шашны ялгарлаас болж нэг үндэстэн хэдэн биенээ ингэж ихээр егүүтгэсэн тохиолдол XXI зуунд Иракаас өөр улс байхгүй. Сири араас нь явж байна. Араас нь бас Йемен нэмэгдэнэ. НҮБ-ын мэдээ байна. Өмнөх оны хаврын гуравхан сарын дотор Иракт террорист халдлагад 2500 хүн өртөж амиа алджээ. Террорист гэж нэрлэгдээд байгаа нөхөд засаг захиргааны байр, мечет, цагдаагийн хэсэг, зах дэлгүүр, кино театр, соёлын ордон, гуанз, спортын талбай, ер нь хаана л олон хүн цуглардаг газар байна тэр рүү халджээ. Иракт боевикуудын гарт алагдсан иргэдийн тоо огцом өсч байгаа ба курд, шийт, суннит гээд гурван талаасаа алалцаж байна. 2006-2007 онд эхлүүлсэн шашинтан хоорондын дайн 2013 оноос шинэ шатанд гарч, 2014 онд нутаг орноосоо “Лалын улс”-д алдаж, бүр хоёр дахь том хот, газрын тосны ихээхэн ордоо жихадистуудад тавьж өгчээ. Шинэ шатанд гараад зогсохгүй хөрш Сирийн иргэний дайнд Ирак хутгалдан орсон.
Жopж Буш нөгөө алдарт үгээ тавьчихаад Глобал ардчилсан хувьсгалаа эхлүүлэхдээ ардчилалд хавьтахгүй шал өөр шалтаг хайсан байдаг юм. Иракт үй олноор хөнөөн сүйтгэх зэвсэг байна. Тэрийг олж устгана хэмээн хөдөлсөн. Мэдээж Саддамын зэвсэгт хүчнээс тийм зэвсэг олоогүй, нөгөөдөх нь эсэргүүцэх тэнхэлгүй алга болоод өгсөн. Дэглэм алга эргүүлэхийн дайтай унасан. Нэгэнт атом, цөмийн бөмбөг, пуужин олоогүй учраас багцаагаар таван үндсэн үүргийг АНУ ба түүний холбоотнууд биелүүлсэн.
Аль-Каеда-тай хамтран ажилладаг лалын терроризмын түшиц газрыг устгахыг зорьсон. Иракт тийм бааз бий хэмээн сагсуурснаараа Саддам өөрөө амнаасаа болж америкчуудыг ийм ажиллагаа руу түлхсэн. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн Нью-Йоркийн гэмтнийг америкийн цэрэг бүтэн 10 жил Иракаас хайсан. Олоогүй.
Иракийн нефтийн нөөцөд хяналт тогтоох, Булангийн орнууд-Иран, Саудын Араб, Оман, Эмиратаас хэт хараат байгаагаа нөхөх. Захиалагч нь америкийн нефть олборлох, боловсруулах компаниуд. Халлибуртон, Шеврон хоёрыг нэрлэхэд л хангалттай. Тэр хоёрын эрх ашгийг тэр үед Дэд ерөнхийлөгч Дик Чейни, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс нар төлөөлж байсан гэх таамаг буй.
Израильд учрах цэргийн ба цөмийн зэвсэг, пуужингийн довтолгоо, терроризмын аюулыг арилгах. Үүн дээр Саддамыг буруутгасныг буруушаахгүй. Ам хэлний бай болгож, аман доромжлолыг хангалттай амсуулахын сацуу Кувейтыг чөлөөлөх байлдааны үед Израилийн хотууд руу Иракаас пуужингийн цохилт өгч байсныг мартамгүй.
Ойрхи болон Дундад Дорнод, Персийн буланд АНУ-ын геополитикийн байдлыг бэхжүүлэх. Ираны ойролцоо бүс нутагт цэргийн баазаа байгуулна гэдэг том ололт. Лалын фундаментализмын аюулыг бага ч гэсэн намжаагаад авна.
Нөгөө Глобал ардчилсан хувьсгалын үндсэн зорилго буюу Саддам Хусейны үзэн ядагдсан дарангуйлагч дэглэмийг түлхэн унагаж, ардчилсан Иракийг байгуулах. Тэр нь арабын бусад улс орнуудад үлгэр загвар болох ёстой
Ийм л дэс дараалал зохиомж бууж байна. Гэхдээ энэ бүх зорилгодоо хүрсэн үү. Санаачлагчдынх нь сэтгэлд нийцэх байтугай хөндлөнгийн бидний нүдээр харахад дээрхи таван зорилго огт хэрэгжээгүй. Гэхдээ хүрсэн үр дүн бий, түүнийг үгүйсгэх гээгүй. Ямар үр дүн.
Ираны хил рүү дөхөж очсон, хаяа нийлж байна. Каспийн нефтийн орд руу ойртсон. Иракт АНУ цэргийн баазтай болсон, Дундад Дорнодод цэрэг-стратегийн боломж нь нэмэгдсэн.
Израильд халгаатай нэг баасист дэглэм байхгүй болсон. Иракаас дахин жүүдийн улс руу халдахгүй, хариуд нь израилийн стратегийн байр суурь Ойрхи Дорнодод бэхжсэн.
Иракийн газрын тос, түүний ашиглалтад эрхбиш хяналт тавьж байна. Ардчиллын чиглэлд гэвэл, Америкийн тал баримталсан, израилийг хэзээ ч дайсагнахгүй курдын дэглэмийг Иракийн хойд нутагт байгуулсан.
Ардчилсан сонгууль явуулж, төр засгаа иракчууд эрхбиш сонгож ажиллуулдаг болсон. Иракт хийсэн цэргийн ажиллагааны сөрөг үр дагавар гэж юу вэ. Эерэг үр дүнгээсээ даваад явчихаж байгаа сөрөг үр дагавар маш олон байна.
Саддам Хусейны үед Иракт огт байгаагүй Аль-Каеда-гийн исламист террористууд тус орны нутаг дэвсгэрт чөлөөтэй нэвтрэн орж, террорист халдлага үйлдэн, энэ орныг үргэлж тогтворгүй байдалд орууллаа, Бүр дэндээд “Лалын улс” (ISIL) бүлэглэл Лалын халифатаа байгууллаа, Саддамын байгуулсан баасист төрийн бүтцийг эвдсэнээрээ Ирак улсыг хагалан бутаргаж, угсаатан-шашны дайсагнасан гурван хэсэгт хуваалаа. Курд, суннит, шийтүүд үүрд салсан байж ч магадгүй.
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн захирлаас Аль-Барадейг огцруулан байж, эрээд эрээд үй олноор хөнөөн сүйтгэх зэвсэг Иракаас олоогүй. Түүнээс болж АНУ-ын өөрийнх нь олон улсын нэр хүнд их унаcан.
Иракт Америкийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг “партизаны” дайн дэгдээд, тэр гэхийн тэмдэггүй партизанууд нь харсан зүг рүүгээ халдаж, лалын террористуудтай холилдлоо, дэндүү их цус урслаа.
Хэрэг дээрээ Израилиас бусад дэлхийн бараг бүх улсад Америкийн эсрэг үзэл санаа дэвэрлээ. АНУ-ын нэр хүнд бас унав.
Нефтийн үнэ дэлхий даяар уналаа. Унагана хэмээн төлөвлөсөн нь харин хэрэгжлээ.
Америкчууд Иракаас бүрэн залхав. Цаашид иймэрхүү цэргийн кампанит ажлыг дэмжихгүйгээр эргэлээ. Улстөрч, дипломатч, бизнесэрхлэгч, сэтгүүлч, хуульч, улс төр судлаачид болон аядуу неоконсервативчуудыг “Иракийг одоо яах вэ” гэдэг асуулт ээрсээр, тэд хариулт олж үл чадна...
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй