Үүнээс илүү сайхан төгсгөл гэж үгүй
Тэдэнд нэг л зүйл дутуу байсан нь олимпийн алтан медаль юм
1950 оны долдугаар сарын 16. Бразилын шигшээ баг ДАШТ-ий финалд Уругвайн багт 2:1-ээр хожигдлоо. Тэр үед “Маракана” цэнгэлдэхэд цугласан 199,854 үзэгч чимээгүйхэн уйлж суусан гэдэг.
2014 оны долдугаар сарын 8. Бразилчууд ДАШТ-ийг нутагтаа хоёр дахь удаагаа зохион байгуулаад хагас шигшээд шалгарав. Гэвч энэ даваанд Германы баг тэднийг 7:1-ээр бут ниргэлээ. Хөлбөмбөгчдөөсөө зөвхөн алтан медаль хүсдэг орны хөгжөөн дэмжигчдийн хувьд энэ ялагдал ямар хүнд цохилт болсныг төсөөлөхөд тийм ч хэцүү биш.
2016 оны наймдугаар сарын 21. Өнөөх “Маракана” цэнгэлдэхэд бразилчууд дахин нэг удаа аваргын төлөө тоглохоор шалгаран үлджээ. Өрсөлдөгч нь хоёр жилийн өмнө тэднийг шившигтэй хутгасан Германы залуус.
Бразил улс зуны олимпийн наадмыг зохион байгуулахад хүн ард нь тийм ч дуртай байгаагүй. Хүмүүсийн амьдрал ядуу байхад олон тэрбумыг олимпод зарцууллаа гээд л. Иргэдийн бухимдал чинээндээ тулсан энэ үед тамирчдынх нь ялгуусан амжилт л тэднийг тайвшруулж, баярлуулж байлаа.
Гэхдээ бразилчууд энэ олимпийг төгс өндөрлүүлэхэд нэг л зүйл дутуу байв. Энэ бол хөлбөмбөгийн шигшээ багийнх нь ялалт. Бразил-Германы хооронд болсон шувтаргын тулаан хэрхэн өрнөснийг өгүүлэхийн өмнө бяцхан тодруулга хийе. Бразил бол хөлбөмбөгийн спортын тэргүүлэх гүрэн гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө. Энэ улсын эрчүүдийн шигшээ ДАШТ-д таван удаа түрүүлснээс гадна өсвөр, залуучууд, эмэгтэйчүүдийн ДАШТ, Өмнөд Америкийн аварга, тив хоорондын цом гээд байж болох бүх л тэмцээнд аваргалсан. Харин тэдэнд нэг л зүйл дутуу байсан нь олимпийн алтан медаль юм.
Бразилчууд олимпийн хөлбөмбөгийн тэмцээнд түрүүлсэн 18 дахь улс болжээ
Олимпийн хөлбөмбөгийн тэмцээнд 23-аас доош насныхан өрсөлддөг дүрэмтэй. Гэхдээ нэг багт үүнээс ахимаг тоглогч гурав байхыг зөвшөөрдөг юм. Хэдийгээр залуучуудын шигшээ гэж хэлж болох ч хоёр багт олонд танигдсан сайн тоглогч цөөнгүй байлаа. Энэ дунд онцлох гол хүн нь Бразилын багийн ахлагч Неймар. Талбайн эзэд энэ тэмцээнд түрүүлэхийн тулд “Барса”-ийн супер одыг багтаа авсан юм. Неймараас гадна “Барса”-ийн Рафинья, “ПСЖ”- ийн Маркиньос, “Лацио”-ийн Ф.Андерсон, Хятадын лигийн нүүр царай болсон Р.Агусто нарын чадварлаг тоглогчид энэ багийн гол цөмийг бүрдүүлж байв. Германы шигшээгийн хувьд ах, дүү Бендер, “Байер”-т байр сууриа олоод буй Брандт, “Борусси Дортмунд”-ын Гинтер, “Арсенал”-ын авьяаслаг довтлогч Гнабри нар бий.
Тоглолтын эхлэлийг немцүүд сайн тавьж, эхний 45 минутад гурван ч удаа хөндлөвч онов. Гоол оруулахад багахан л аз дутаад байлаа. Гэтэл 27 дахь минутад Бразил эхний гоолыг орууллаа. Багийн ахлагч Неймар хаалттай цохилтоос ур чадвар шаардсан нэгэн гоол хийж, багтаа тэргүүлэл авчрав. 90-ийн буланг чиглэсэн орсон энэ бөмбөгийг ямар ч чадварлаг хаалгач хаах арга байсангүй.
Гэхдээ немцүүд бол немцүүд. Тэд хэзээ ч бууж өгдөггүй юм. Энэ ч ёсоор тэд хоёрдугаар үед тоог тэнцүүлж, “Маракана”-д цугласан олон мянган хөгжөөн дэмжигчийг сандралд оруулав. Энэ удаа германчуудын толгой эргүүлсэн олон хувилбарт довтолгооны үр дүнд багийн ахлагч Майер тоог тэнцүүлсэн юм. Үүнээс хойш гоол оруулах боломж хэн хэнд нь байсан боловч ашиглаж чадсангүй. Ингэснээр олимпийн хөлбөмбөгийн тэмцээний аварга баг торгуулийн цохилтоор тодрох боллоо. Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хувьд үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхав.
Багаа төлөөлөн гарсан эхний хүмүүс үүргээ маш сайн биелүүлэв. Баг бүрээс дөрвөн хүн цохисны дараа тоо 4:4 болж тэнцсэн юм. Гэтэл Германы багийн тав дахь гишүүн Петерсен бөмбөгөө хаалгачид бариулчихав. Ингэснээр талбайн эздэд түрүүлэх сайхан боломж гарч ирлээ. Багийн ахлагч Неймар боломжийг ашиглан сүүлийн цохилтыг оновчтой гүйцэтгэснээр тэд удаан хүлээсэн олимпийн алтаа өөрийн болгосон юм.
Неймарын хувьд хэсгийн гурван тоглолтод нэг ч гоол оруулж чадалгүй шүүмжлэлд өртөөд байсан. Гэхдээ хасагдах шатны гурван тоглолтод дөрвөн бөмбөгөөр учраагийнхаа хаалгыг мялааж, багийн лидер хүн ямар байдгийг харуулав. Бразилчууд ингэснээр олимпийн хөлбөмбөгийн тэмцээнд түрүүлсэн 18 дахь улс болжээ. Тэд өмнө нь 1984, 1988, 2012 онд мөнгө, 1996, 2008 онд хүрэл медаль авсан билээ. Неймар олимпийн наадамд амжилт гаргахын тулд Өмнөд Америкийн цом, Испанийн супер цом болоод Ла лигийн эхний тойргийн тоглолтуудыг золионд гаргасан нь ийн үр дүнгээ өгөв. Нутгийн дэвжээн дээрээ заналт өрсөлдөгчөө хожин түрүүлэхээс өөр сайхан төгсгөл гэж үгүй биз ээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй