“Google Trips” аяллын төлөвлөгөө зохиох боломжтой

Мэдээ

“Google” компани аяллын төлөвлөгөө гаргаж, зохицуулалт хийх боломжтой шинэ аппликейшн танилцууллаа. Ингэснээр технологийн тэргүүлэгч компани цахим орчин дахь аялал, жуулчлалын зах зээлд хөл тавьж байгаа юм. Шинээр танилцуулсан аппликейншийг "Google Trips" хэмээн нэрлэсэн байна. “Google Trips” нь аяллын зөвлөгөө, мэдээллийг багтааснаас гадна “Gmail” болон “Google Maps”-ийн сүлжээнд автоматаар холбогдож аяллын маршрутын дагуух зоогийн газруудыг санал болгож, урьдчилсан захиалга өгөх, мөн бэлэн аяллын маршрутыг санал болгох юм байна. “Google” компани ийнхүү шинэ зах зээлд нэвтэрснээр “TripAdvisor”-ийн хүчтэй өрсөлдөгч болно гэж шинжээчид үзэж байна.

Түүнчлэн “Google”-ийн хайлтын сангийн дата бааз нь аялагчидтай холбоотой бүхий л мэдээллийг багтааж байгаа нь бусдаас давуу байх боломжийг олгож, заналхийлэл учруулж байна гэж “TripAdvisor”-ийн Гүйцэтгэх захирал мэдэгджээ. “Google” компани шинэ аппликейшнийг танилцуулсны дараа “TripAdvisor”-ийн хувьцааны ханш даваа гарагт 2.4 хувиар унасан байна. Сонирхуулахад аялагчдад хямд байр олох боломжийг олгодог “AirBnB” компани аяллын зах зээлийн бас нэгэн шинэ тоглогч болохоор бэлтгэж байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ