Өрсөлдөх чадварын тайланг дөрөвдүгээр сард танилцуулна

ЗГМ: Тодруулга

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэгээс “Аймгуудын өрсөлдөх чадвар 2016” тайлангийн талаар тодрууллаа.

-Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны гол зорилго юу вэ?

-Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлоход оршдог. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу болон сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлж ирсэн. Тэрчлэн урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж байгаа. Өрсөлдөх чадварын талаарх ойлголт нь харьцангуй шинэлэг. Бусдаас давуу байдлыг судлахаас илүүтэй тухайн улс, аймаг өөрийн нөөц боломжоо хэрхэн үр дүнтэй ашиглаж чадсан эсэхийг судлах нь чухал.

-Өрсөлдөх чадварын 2016 оны тайланг хэзээ танилцуулах вэ?

-Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангийн боловсруулалт одоогоор эд дундаа явж байна. Тайлангаа дөрөвдүгээр сард болох Монголын эдийн засгийн чуулганы үеэр албан ёсоор танилцуулна. Өнгөрсөн жил мөн эдийн засгийн чуулганаар танилцуулж байсан. Энэхүү тайлан нь бодлого боловсруулагчдын хувьд орон нутгийн өнөөгийн хөгжлийн түвшин, нөхцөл байдлыг бодитоор харж, хөгжүүлэхэд чиглэсэн төдийгүй үр ашигтай шийдвэр гаргахад тус болохуйц мэдээллийн эх үүсвэр.

-Өнгөрсөн жилүүдийн тайлантай харьцуулахад энэ удаагийн судалгаанд тодорхой өөрчлөлт гарсан уу?

-Жил бүр томоохон өөрчлөлтүүдийг аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд хийдэггүй. Учир нь тайлангуудыг хооронд нь харьцуулж ахиц, өөрчлөлт ямар байна гэдгийг нь олж харахын тулд аргачлалаа хэт өөрчлөх юм бол үзүүлэлтэд сөргөөр нөлөөлчих талтай. Тиймээс онцгой өөрчлөлт оруулаагүй. Аймгуудын өрсөлдөх чадварыг дөрвөн бүлэг үзүүлэлтээр хэмждэг. Тодруулбал, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн өгөөж, дэд бүтэц гэсэн үндсэн бүлэг бий. Тус бүр нь дэд бүлэгтэй. Аймгуудын өрсөлдөх чадварыг олон талаас нь тодотгон харуулахыг зорьдог. Мөн байгаль орчны эмзэг байдлын индекс гэж харьцуулалт гаргадаг. Үүнийгээ тайлантайгаа хамт танилцуулна.

-Нийслэлийн есөн дүүргийн өрсөлдөх чадварын тайлан хэзээ гарах вэ?

-Дүүргүүдийн судалгааг энэ жил анх удаагаа хийж байгаа. Оны өмнө гаргахаар төлөвлөсөн ч хойшилсон. Гэхдээ энэ сардаа багтаан гаргана. Ирэх сарын эхээр албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.

САНАЛ БОЛГОХ