“Хар жагсаалт” хоёр талтай

ЗГМ: Тодруулга

Европын холбооноос татварын “диваажин” болсон улсын “хар жагсаалт”-д Монгол Улсыг багтаагаад байгаа. Цаг үеийн хамгийн их анхаарал татаж буй энэ сэдвийн хүрээнд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмигаас дараах зүйлийг тодрууллаа.

-Монгол Улс Европын холбооноос танилцуулсан “хар жагсаалт”-д багтлаа. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлөх бол?

-Юун түрүүнд, Европын хол­бооноос хоёр жагсаалт гаргасныг хэлэх хэрэгтэй. Хар болон саа­рал жагсаалт танилцуулсан. Энэ хоёр жагсаалтын хоорондох зааг, ялгааг үзвэл “хар жагсаалт”-д нь дийлэнхдээ жижиг эдийн засаг­тай улсуудыг багтаасан. Харин “саарал жагсаалт”-д томоохон эдийн засагтай орнуудыг оруулсан гэх шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ жагсаалт нь Европын холбооноос анх удаагаа нийтэлж буйгаараа онцлог. Тус холбоо 2016 оноос улс орнуудтай хамтран ажиллаж, санхүүгийн аргачлал, хууль эрх зүйн орчныг нь олон улсын стандартад нийцүүлэхээр ажил­ласан. Европын холбооны албан мэдээлэлд энэ жагсаалтын хү­рээнд ямар нэгэн хориг арга хэмжээ авахгүй гэдгээ дурдсан байсан. Гэхдээ дэлхийн томоохон хэвлэлүүд энэ хүрээнд хориг тавих талаар мэдээлж байна. Иймээс энэ жагсаалтыг анх гаргаж буй гэдэг утгаараа зөрүүтэй мэдээллүүд гарч бай­гааг хэлэх хэрэгтэй. Нөгөө талд, жагсаалт гарга­сан Европын холбоо тойрсон санал, шүүмжлэл нэлээд гарч байна. Тухайлбал, уг жагсаал­тыг боловсруулсан аргачлал, стандартаа холбооны зарим гишүүн орнууддаа хэрэгжүү­лээгүй. Гэсэн атлаа олон улсын түвшинд энэ аргачлалаа бусад улсад тулгаж байна гэх шүүмжлэл бий. Люксембург зэрэг улсыг хар бус саарал жагсаалтад оруулсан нь ийм шүүмжлэл дагуулахад хүргэж буй.

“Хар жагсаалт” гаргасан Европын холбоо ч шүүмжлэлд өртсөн

-Сангийн сайдын зүгээс татварын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж мэдэгдсэн. Монгол Улс Европын холбоотой харилцаагаа таатай үргэлжлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-“Хар жагсаалт”-ыг зарлахаас өмнө тус жагсаалтад 28 орон багтаж байсан. Гэхдээ зарлахдаа 17 орныг танилцуулсан. Яагаад 11 орныг “хар жагсаалт”-д багтсаныг нь зарлаагүй вэ гэхээр тэдгээр улс Европын холбоотой хамтран ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс хар биш саарал жагсаалтад багтсан. Иймд хамгийн түрүүнд Сангийн яам, Монголбанк Европын холбоотой хамтран ажиллана гэдгээ илэрхийлэх нь чухал байх. Мөн Европын холбооноос гаргасан энэ жагсаалтыг жил бүр шинэчилнэ гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ чиглэлд хамтран ажиллах нь зүйтэй. Нөгөө талаас, энэ үйл явдалтай холбогдуулан хууль эрх зүйн орчноо сайжруулах нь зүйн хэрэг. Ялангуяа, нэгдсэн санхүүгийн бүртгэлийн систе­мийг сайжруулж, нягтлах бодох бүртгэлийг олон улсын түвшинд хүргэх шаардлагатай. Дашрамд дурдахад, санхүүгийн Task Force байгууллагын харьяа байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой жагсаалт гаргасан. “Саарал жагсаалт”-д нь Мон­гол Улс багтсан байсан. Үүний шалтгаан нь Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр хамтран ажил­лахаа илэрхийлээгүй учраас уг жагсаалтад орсон байдаг. Тий­мээс Монгол Улс өөрийн байр сууриа идэвхтэй илэрхийлэх нь чухал.

-Монгол Улсад тодорхой зорилготой хөрөнгө оруулагчдыг татахад эерэгээр нөлөөлнө гэсэн байр суурь ч байна. Энэ тухайд?

-Европын холбоо ялангуяа энэ бүс нутгийн хамгийн чинээ­лэг иргэдтэй улсууд нь Герман, Франц. Эдгээр улсын татварын орчныг Монголынхтай харь­цуулбал мэдээж манай улс таатай орчинтой. Олон нийтийн дунд “хар жагсаалт” тойрсон харилцан адилгүй байр суурь байна. Энэ жагсаалт давуу болон сул талтай. Тиймээс хоёр талаас нь харах хэрэгтэй. Өрсөлдөх чадварын тайлангаас харахад Монгол Улс таатай, бага татвартай орнуудын тоонд багтдаг. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт татахад таатай нөхцөл болно.

-“Хар жагсаалт”-ыг оффшортой хольж хутгах тохиолдол гарч байна. Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар оффшор бүсэд хамаарах бүс нутгийн жагсаалтыг шинэчиллээ. Оффшорын талаар Монгол Улсын баримталж буй бодлогыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Оффшорын талаар нийгэмд янз бүрийн зөрүүтэй мэдээллүүд байгаа. Оффшорыг авлига гэж шууд утгаар нь ойлгох хандлага газар авч байгаа. Үүнийг нэг талаас цэгцлэх боломж үүсэж байна. Гэтэл энэ нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад нэн таатай татварын орчинг нэрлэж байгаа. Хоёрт, улс орнууд хөрөнгө оруулалт татахын тулд өрсөл­ дөж байгаа. Хөрөнгө оруулалт татахад татварын орчин, хууль эрхзүйн тогтвортой байдал чухал нөлөөтэй байдаг.

САНАЛ БОЛГОХ