Чинээлэг эрхмүүдийн хөрөнгө нэг өдөрт 15.8 тэрбум ам.доллараар өсөв
Дэлхийн хамгийн чинээлэг 200 эрхмийн хөрөнгө нэг өдрийн дотор 15.8 тэрбум ам.доллараар өссөн байна. Өнгөрсөн долоо хоногийн энэ өдөр хамгийн чинээлэг 10 хүний есийнх нь хөрөнгө буурсан байсан бол өнөөдөр есийнх нь хөрөнгө өмнөх өдрөөсөө өсчээ. Ялангуяа хамгийн анхаарал татсан нь хөрөнгийн хэмжээгээр 10 дугаарт жагсдаг, “IKEA” группийн үүсгэн байгуулагч Ингвар Кампрад байлаа. Түүний хөрөнгө нэг өдрийн дотор 265.7 сая ам.доллараар өсч, 42.9 тэрбум ам.доллар болжээ. Ингвар Кампрадын үүсгэн байгуулсан, дэлхийн тавилгын хамгийн том дэлгүүр “IKEA” компанийг сүүлийн зургаан жилийн турш нэг тэрбум еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн Европын Холбооны удирдлагууд шалгаж эхлээд байгаа юм.
Хэдий тийм боловч түүний хөрөнгө дээрх мэдээлэл гарснаас хойш унах бус харин 0.6 хувиар өссөн байна. Шведийн тэрбумтан Ингвар Кампрад 40 жилийн турш эх орноосоо хол амьдарсны дараа 2013 онд Шведэд эргэн очсон аж. Таван наснаасаа хөдөлмөрлөж эхэлсэн тэрбээр 14 насандаа “IKEA” группийг анх үүсгэн байгуулж байжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй