“Tesla Motor” БНСУ-ыг сонгов
Авто зах зээл
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla Motor” компани БНСУ-ын зах зээлд нэвтрэхээр зэхэж байна. Тус компани шинээр ажлын таван байр зарласнаас дөрөв нь БНСУ-д ажиллах борлуулалтын менежер болон инженерүүдийн орон тоо байгаа аж. Одоогоор “Tesla Motor” БНСУ-д компаниа бүртгүүлж, удахгүй салбараа нээхээр төлөвлөж байгаа гэж мэдээлсэн юм. “Tesla Motor”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск дөрөвдүгээр сард “Model 3” загварын шинэ автомашинаа танилцуулахдаа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн нэгээр БНСУ-ыг нэрлэжээ. Тус улсад 21 сая гаруй автомашин байгаагаас нэг хүрэхгүй хувь нь цахилгаан автомашин байгаа аж. БНСУ-ын зах зээлд тэргүүлэгч “Hyundai Motor” компани энэ оны эцэс гэхэд хос хөдөлгүүрт автомашиныхаа цахилгаан эх үүсвэрт залгаж, цэнэглэх боломжтой хувилбарыг танилцуулна гэж мэдэгдээд байгаа юм. “Tesla Motor” компани бүтээгдэхүүнээ Азийн зах зээлд худалдаалах гэж байгаатай зэрэгцээд үйлдвэрлэл нь ч гэсэн тус бүсэд шилжиж магадгүй байна. Тухайлбал тус компани БНХАУ-ын Засгийн газрын өмчит "Jinqiao" групптэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд талууд аль аль нь 30 тэрбум юань буюу 4.5 тэрбум ам.доллар, нийт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг үйлдвэрийн шугам байгуулахад хийж магадгүй гэж ойрын эх сурвалж мэдээллээ. “Tesla Motor”-ийн “Model 3” болон “Model X” зэрэг шинэ загваруудын үйлдвэрийг БНХАУ-д барих нь тус улсад автомашин импортлох 25 хувийн татварыг төлөхгүй байж болох давуу талтай ажээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй