Ц.Элбэгдорж: Монгол Улсын нутаг дэвсгэрээр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт онцгой анхаарал тавьж байна

Мэдээ

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалт Казахстаны нийслэл Астана хотод болж өндөрлөлөө. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Мөн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үедээ Монголын "Хөгжлийн зам" хөтөлбөрийг БНХАУ-ын "Нэг бүс, Нэг зам" санаачилга болон ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, хамтын ажиллагааны механизмтай уялдуулан Монголын нутаг дэвсгэрээр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн талаар онцолжээ. Түүнчлэн "Монгол Улс анхдагч эрчим хүчний нөөц ихтэй орны хувьд хөрш орнуудтайгаа эрчим хүчний дэд бүтцийн холбоог хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байна. Манай орон нар, салхи, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг түшиглэн Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний системд нэгдэхэд чиглэсэн үр ашигтай, байгаль дэлхийд ээлтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг та бүхэнд уриалж байна" хэмээсэн байна. Харин энэ удаад өмнөх жилүүдийнх шиг БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гуравласан уулзалт болсонгүй.

Өнгөрсөн сард БНХАУ-д болсон "Бүс ба Зам" форумтай холбоотой, түүнийг дагалдах уулзалтууд энэ удаагийн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын чуулганы хүрээнд боллоо. БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар нарийвчлан хэлэлцжээ. “Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр 30 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өмнө нь тохирсон. Хэрэгжүүлэх ажлын нэлээд хэсэг нь Монголын талаас хамаарч байгаа" гэдгийг гадаад бодлогын шинжээч Б.Баярхүү онцоллоо.

Мөн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэг болон Пакистан улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орон боллоо. Үүнээс гадна хар тамхины наймаа, цөлжилт, терроризмын эсрэг хийх тэмцлээс гадна соёлын чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал зөвлөмжүүд гаргажээ. Мөн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх талаар хэлэлцсэн байна. Монгол Улсын хувьд Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж байгаа улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох нэг чухал суваг нь гэж Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага үздэг, тиймээс 2004 оноос эхлэн тус байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчийн статустай оролцох болсон юм.




САНАЛ БОЛГОХ