“Unitel” групп 4G технологийг орон даяар нэвтрүүллээ
“Unitel” групп утасгүй интернэтийн дараа үеийн технологи 4G-ийг орон даяар нэвтрүүлсэн байна. Ийнхүү гурван хот, 19 аймгийн төв, 312 сумыг багтаан нийт 334 суурин газарт өндөр хурдны 4G үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Улсын хэмжээнд гар утас хэрэглэж байгаа гурван сая 110 мянга 199 хүн байгаа талаар Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдээлсэн бөгөөд үүнээс хоёр сая 19 мянга гаруй нь ухаалаг гар утастай хэрэглэгч байгаа ажээ. Эдгээрээс 1.4 сая нь буюу гуравны хоёр орчим нь 3G эсвэл 4G технологиор интернэтэд холбогдож байна. Хэрэглэгчийн ухаалаг гар утас LTE-ийг дэмждэг эсэхээс хамаараад 1.2 сая нь 3G-ээр интернэтэд холбогдож байгаа бол 200 мянга нь 4G-ээр холбогдож байгаа аж. Ухаалаг бус гар утастай хэрэглэгчид шинэ гар утас авах эсвэл зөвхөн 3G-ийг дэмждэг гар утастай хэрэглэгчид 4G LTE-ийг дэмждэг төхөөрөмж авахын хэрээр энэ тоо өсөх юм. 4G үйлчилгээг орон даяар идэвхжүүлэхэд нийт 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар “Unitel” групп 4G үйлчилгээгээ асааж байхдаа мэдэгдлээ.
Энэ оны эхний хагас жилд 99.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт мэдээлэл, харилцаа холбооны салбарт хийгдсэнээс 53.6 хувь нь үүрэн холбооны салбарт хийгджээ. Өөрөөр хэлбэл оны эхний хагас жилийн турш дээрх харилцаа холбооны салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын тавны дөрөвтэй тэнцэхүйц хөрөнгийг дээрх технологид зарцуулжээ. Утасгүй интернэтийн 3G үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд есөн жил зарцуулж байсан бол 4G технологийг нэвтрүүлэхийн тулд хагас жил зарцуулсан байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй