Оны эхний таван сард 7.1 сая ам.долларын самнасан ноолуур экспортлоод байна

Түүхий эд

Монгол Улс энэ оны эхний таван сард нийт 7.1 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон байна. 2015 оны мөн үетэй харьцуулахад энэ нь 1.5 дахин буурсан үзүүлэлт болжээ. Улс орноор нь авч үзвэл Италид хамгийн их буюу 4.8 сая ам.доллар, дараа нь Их Британид 1.4 сая ам.долларын үнийн дүн бүхий ноолуур экспортолсон талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас мэдээллээ. Европт ноолуур экспортолж байгаа гол компаниудын нэг болох “Ханбогд кашимер” жил тутамд ойролцоогоор 1000 гаруй тонн ноолуурыг малчдаас авдаг байна. Энэ жил нийт самнасан ноолуурынхаа 70 хувийг Англи, Италид гаргахаар гэрээгээ байгуулсан гэж “Ханбогд кашимер”-ийн Гүйцэтгэх захирал мэдээлсэн байна. Үүнээс гадна Энэтхэг, БНХАУ-д ноолуур нийлүүлж байгаа аж. Харин олон улсын зах зээлд самнасан ноолуурын үнэ энэ онд 10-15 хувиар буурсан гэж салбарынхан үзэж байна. “Ханбогд кашимер”-аас гадна “Говь” компани ноолууран бүтээгдэхүүнээ Европын зах зээлд , түүхий эдээ ОХУ, Японд голчлон экспортолж байгаа ажээ. Түүнчлэн зөвхөн Японд нийт бүтээгдэхүүнийхээ 10 орчим хувийг гаргаж байгаа юм.


САНАЛ БОЛГОХ