Сүхбаатарын талбайгаар баримжаалдаг цаг ард хоцорлоо
ЗГМ: Зочин
Аливаа бизнес санаа, үйлчилгээ хэчнээн суут байсан ч хэрэглэхэд бэрх бол үнэ цэнэгүй
Гэрт тань өмнө ирж байгаагүй зочдод та хаягаа хэрхэн зааж өгдөг вэ? Улаанбаатар гэх их айлын хаягжилтыг Улсын их дэлгүүр, Сүхбаатарын талбай, Blue Sky tower, Шангри-Ла гээд бүгдийн мэддэг хэдхэн газар л тодорхойлж байна. Байршлаа ойлголцож чадаагүйгээс төөрч будилсан, уурласан уцаарлахыг алийг тэр гэх вэ. ЗГМ сонин таны цаг завыг хэмнэх What- 3words үйлчилгээг үүсгэн байгуулагч Крис Шелдриктэй ярилцсан юм.
-Энэ удаад таныг Монгол руу хөтлөх шалтгаан юу байв?
-Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдээ урагшлуулахаар ирлээ. Бид Монголд хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн жил үйл ажиллагаа маань нэлээд тэлсэн. Одоогоор Монголд гурван ажилтантай баг ажиллаж байна. Энд “Монгол шуудан” ХК-иас гадна аялал жуулчлал, арилжааны банкууд зэрэг гурван үгээр илэрхийлсэн хаягжилтын системээр дамжуулан баялаг бүтээж болох олон компанитай хамтарч байна.
-1.5 сая ам километр бүхий Монголын уудам газар нутгийг есөн ам метр хэмжээ бүхий хаягжуулалтын системд нэг бүрчлэн хуваарилах ажлыг гурван хүн хийсэн нь гайхам санагдаж байна. Танай үйл ажиллагааг тоогоор илэрхийлбэл асар том тоонууд гарч ирэх нь ээ?
-Манай системээр дэлхий даяар 57 их наяд ширхэг ялгаатай хаяг бий болсон. Монгол Улсын хувьд энэ тоо хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх байх. Бид дэлхийн бүх газар нутгийг 25 мянган монгол үгний хослол ашиглан тэмдэглэсэн. Харин Монголд эдгээрээс түгээмэл 7.5 мянган үг ашиглаж байна. Тэгэхээр манай үгсийн жагсаалтад 20 мянгад эрэмбэлэгдсэн монгол үг Бразилд ч ашиглагдана гэсэн үг.
-Тэгэхээр танай үйлчилгээ гадагш аялж буй монголчуудыг ч бас “мартаагүй” байх нь. Дэлхийн хаана ч аялж байсан эх хэл дээрээ танай апп-ыг ашиглан, зүг чигээ олох боломжтой хэрэг үү?
-Тийм ээ. Дэлхийн хаана ч байсан яг л нэг жишгээр ашиглах боломжтой гэсэн үг.
-Эсрэгээрээ Монголд ирсэн гаднын жуулчид ч эх хэлээрээ мэдээлэл авч, хаана ч төөрөлгүй аялах боломжтой байх нь?
-Тэгэлгүй яахав. Тухайлбал, би Монголд байгаа ч What3words аппликейшнийг төрөлх хэл дээрээ саадгүй ашиглаж байна. өнөөдөр би танай редакцид очиход Монгол дахь салбарынхан маань гурван л үг илгээсэн. Тэр үгсийн тусламжтай би одоо энд байна шүү дээ. Тухайн хэрэглэгчийн хүсэл сонирхлоос бүрэн шалтгаална. Одоогоор манай үйлчилгээ 22 хэл дээр хэрэглэгчдэд хүрч байгаа.
-Хотууд эрчимтэй тэлж байгаа нөхцөлд зөвхөн хөндлөнгөөр байршил тодорхойлох танай үйлчилгээг хэрхэн ашиглах вэ. Тэнгэр баганадсан барилгуудтай хот суурин газруудад хөндлөнгөөр 3х3 талбайд хэдэн ч өөр байршил байж болно шүү дээ?
-Босоо тэнхлэгийн дагуу байршлын ялгааг тодорхойлох боломжгүй. Энэ тохиолдолд гурван үг бүхий хаяг, (ЗГМ сонины хувьд хурах.дуучид.хөдөлгөх), давхар болон хаалганы дугаар хэрэгтэй гэсэн үг.
-Үйлчилгээг ашиглахын тулд сүлжээнд хадгалагдсан байх ёстой юу?
-Шаардлагагүй. Монголын хувьд What3words монгол аппликейшнийг татах үед дэлхий даяарх 57 их наяд хаягийг татаад авчихна. Орон нутагт ч тэр өгөгдлийг ашиглан таныг хүссэн газарт тань хүргэж өгөх юм.
-Хаягжилт тодорхой болсны үр шимийг олон бизнес хүртэх боломжтой. Монголын хувьд хамгийн түрүүнд ямар салбарын бизнест өгөөжтэй байх бол?
-Монгол Улсын хаягжилтын систем их тодорхойгүй. Барагцаалсан байдлаар л хаягаа тодорхойлдог. Ямар нэг гудамжны хаягийг цахим сүлжээнд орууллаа гэхэд энэ өгөгдлийг компьютер тооцоолох боломжгүй. Харин гурван үг дээр тулгуурласан хаягжилтын систем нь танд ямар нэгэн бараа, ажил, үйлчилгээ хүргэх шаардлагатай байгууллагуудад гурван метрийн нарийвчлалтай байршлын маш оновчтой мэдээлэл өгч байгаа юм. “Монгол шуудан” зэрэг шуудангийн компанитай хамтран ажиллаж байгаа цахим худалдааны компаниудад мэдээллийн энэ ил тод, тодорхой байдал ямар их үнэ цэнэ бүтээхийг бодоод үз дээ. Ер нь дэд бүтэцтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээнд маш их үнэ цэнэ бүтээнэ гэсэн үг.
-Монгол дахь гол түншүүд тань аль салбарт түлхүү байх бол?
-Аялал жуулчлал, банк санхүү, цахим худалдаа гээд маш өргөн хүрээг хамарна. Төрийн байгууллагуудад ч манай үйлчилгээ асар их ач холбогдолтой. Тухайлбал, иргэдийн хаягийн өгөгдлийг нэгтгэн, хэн хаана амьдарч байгааг компьютерээр тооцоолон, мэдээлэл боловсруулах боломжтой болно гэсэн үг. Одоо бол хаягийн мэдээлэл бүгд текст хэлбэрээр байгаа. Тухайлбал, та нэг сая хэрэглэгчтэй банк байлаа гэж үзье. Танд нэг сая харилцагчийн хаягийн мэдээлэл нэг сая мөр текст хэлбэрээр бий. Үүнийг ашиглах боломж, хувилбарууд хязгаарлагдмал. Харин үүний оронд нэг сая хаягийг зүй тогтол бүхий өгөгдөл болгож оруулснаар боловсруулалт хийж, иргэдийн хаяг, байршил, нягтаршил зэрэг мэдээллийг авна. Аль харилцагч кредит картаа хамгийн идэвхтэй ашиглаж байна вэ? Хаана нягтаршил хамгийн их байна? Тэдний зан төлөв ямар вэ гэхчлэн. Үүнд тулгуурлаад магадгүй шинэ салбар, ATM-ийн байршлыг оновчтой шийдвэрлэх боломжтой юм. Банкууд бол үйлчлүүлэгчдийнхээ байршлын мэдээллийг нэгтгэн харах боломжтой. Одоогоор ийм боломж өөр хаана ч байхгүй шүү дээ. Бизнесийн өрсөлдөх чадварын хувьд энэ бол асар том давуу тал. Хурд, хэрэглэгчийн сэтгэл ханамж гэсэн үг. Харин хэрэглэгчид, эдгээр зах зээлд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ажлын бүтээмж, үр ашигтай, зөв шийдвэр гэсэн үг. Ердөө эдгээр дээр тулгуурлаад л улсаараа илүү үр ашигтай ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг. Байршил дээр тулгуурлан хот төлөвлөлтийн чухал шийдвэрүүд ч гаргах боломжтой. Ойролцоо байдлаар байршлыг тодорхойлж чадаж байна л даа. Гэхдээ энэ чинь 2018 он шүү дээ. Хүмүүс 100 хувь тодорхой мэдээлэл л хүсч байгаа.
-Танай үйлчилгээ онцгой үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ихээхэн өгөөжтэй байж болох юм. Тухайлбал, ОБЕГ зэрэг байгууллага танай боломжит харилцагч уу?
-Mongolian automobile service-ийн ажилтнууд What3words-ийг ашиглан харилцагчийн хаягийг тодорхойлох тухай сургалтад хамрагдсан. Машин тань хаа нэгтээ эвдэрлээ гэхэд таны гурван үг бүхий хаяг дээр тулгуурлан байгаа газарт тань очиж, машиныг тань засна гэсэн үг. Бид ОБЕГ-тай яриа хэлэлцээ хийж байгаа. Хараахан үйлчилгээгээ холбоогүй байгаа ч удахгүй үр дүнд хүрнэ гэж үзэж байна. -Энэ үйлчилгээг ашиглах хүсэлтэй албан байгууллагаас юу шаардагдах вэ. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ? -Их энгийн. Ажилтнуудаа сургахад л болно. Үйлчилгээ маань маш ойлгомжтой учраас бага хэмжээний байгууллагуудад хагас өдрийн сургалт л хангалттай. What3words-ийг найман настай балчраас 80 настай хөгшинд ч ойлгомжтой байлгах нь манай үйлчилгээний гол консепт.
-Энэ үйлчилгээгээр дамжуулан танай компанид их хэмжээний өгөгдөл цугларч байгаа байх. Энэ өгөгдөл хэний өмч вэ?
-Аливаа үйлчилгээг хүргэж байгаа компани өөрийн харилцагчидтай холбоотой мэдээллийг хадгалж, эзэмшинэ гэсэн үг. Бид бол өгөгдлийн компани биш, ердөө л үйлчилгээний компаниудад бас нэг хэрэгтэй үйлчилгээ үзүүлж байгаа л компани юм.
-Одоогоор дэлхийн хэдэн улсад нэвтрүүлсэн бэ?
-Дэлхийн 170 улсад манай үйлчилгээг их бага хэмжээгээр ашиглаж байна. Хамгийн сүүлд Mercedes-ийн автомашинууд байршил заах төхөөрөмждөө манай үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Mercedes- дээ суугаад, “Намайг index. home.raft-д хүргээрэй” гэж хэлбэл энэ хаягт хамаарах гурван ам метр талбайд хүргэнэ гэсэн үг. Бид энэ төрлийн үйл ажиллагаагаа илүү тэлэхийг хичээж байгаа юм.
-Олон улс дахь цаашдын зорилгоо хуваалцахгүй юу?
-What3words бол тавхан настай компани. Гэхдээ Mercedes benz болон НҮБ зэрэг дэлхийн хэмжээний томоохон байгууллагууд бидний үйлчилгээг сонгон ашиглаж буй өсөлтийн үе дээрээ ирээд байна. Цаашид биднийг юу хүлээж байгааг үнэхээр мэдэхгүй юм. Ер нь дэлхий даяар бид илүү олон компанитай хамтран ажиллаж экосистемээ бүрдүүлснээр хэрэглэгчид манай үйлчилгээг авахад улам л хялбар болно гэсэн үг. Монголын хувьд “Хаан банк” кредит карт хүргэлтийн үйлчилгээгээ бидэнтэй хамтран гүйцэтгэж байгаа. Ингэснээр What3words-ийг ашиглах дэлхийн анхны арилжааны банк болсон. “Хаан банк” энэ үйлчилгээний үр шимийг хүртсэнээр бидэнд дэлхий даяар бусад банктай шинэ харилцаа үүсгэх боломж гарч ирнэ. Mercedes манай үйлчилгээг сонирхсон анхны автомашины компани байсан бол өнөөдөр бусад автомашины компаниуд бидэнтэй холбогдож байна. Тэгэхээр бусад харилцагчид жишиг болж, тэднийг татдаг “шийдвэрлэх олонлог” гэж бий. Үүнийгээ бид бараг л бүрдүүлээд байна.
-Монгол улсын хувьд “шийдвэрлэх олонлог” нь “Монгол шуудан” ХК байв уу?
-Тэгж хэлж болно оо.
-Өрсөлдөөний тухай ярья. Танайхыг байгуулагдахаас өмнө ижил үйлчилгээтэй компаниуд байсан шүү дээ. Одоо ч байгаа. Харилцагчдадаа амладаг, өрсөлдөгчдөөсөө ялгарах давуу тал тань юу вэ?
-TomTom болон Google Maps дэлхийн газар нутгийг хэдэн ам метрээр хэмжигдэх бага талбайнуудад хуваан, кодчилсноороо бидэнтэй ижил. Гэхдээ тэд энэ талбайгаа тоо, үсгийн нэгдэл бүхий есөн оронтой кодоор нэрлэсэн. Тухайлбал, би хаягаа J7Q4Z5B6D гэж хэлэх нь л дээ. Энэ тоог миний ээж, түүний үеийнхэн бараг цээжлэхгүй шүү дээ. Харин хаягаа илэрхийлэх гурван үгийг бол цээжилж чадна. Өрсөлдөгчдөөсөө ялгарах гол давуу тал маань энэ. Хялбар, энгийн байдлыг бид чухалчилсан. Өмнө байсан технологийн шийдлүүд зөв, сайн ч ашиглахад түвэгтэй учраас хүмүүст төдийлэн хүрч чадахгүй байна.
-Ер нь энэ санаа яаж төрсөн юм бэ?
-Би фермд өссөн л дөө. Бага байхад шуудангаа авахад бидэнд хүндрэл их гардаг байлаа. Байсхийгээд л шууданч бидэн рүү залгадаг байв. “Өндөр өвстэй газар ирсэн байна. Энэ хавьд байшин харагдахгүй байна” гээд л. Хэчнээн тайлбарлаад ч зөв газраа шууд ирнэ гэж үгүй. Том болоод би хөгжмийн зах зээлд хүч үзсэн. Хөгжимчид, дуучидтай аялан тоглолтоор явахад ихэвчлэн арын хаалгаар орж, гардаг. Тэр бүрийд яг цагтаа зөв газраа олж очиход их бэрхшээлтэй байв. Уртраг, өргөрөгийн мэдээллийг ашиглан зам заах гэж оролдов. Уг нь 42.169382,- 0.69432816 гэж бичээд хайхад байршлын мэдээллийг тодорхой авч болно. Гэвч хүмүүс үүнийг мэддэггүй. Мэдээж хамтлагийн гитарчнаар 16 болон үүнээс дээш оронтой тоо цээжлүүлж, зүг чигийг олуулна гэдэг боломжгүй зүйл байв. Тиймээс уртраг, өргөрөгийн мэдээллийг хамгийн хялбараар яаж ашиглах вэ гэдгийг бодож олсон нь энэ юм.
-Яагаад гурван үг гэж?
-Боломжтой байсан бол хоёр үг ашиглах байсан л даа. Аль болох хялбар байлгахыг л зорьж байсан юм. Гэхдээ хоёр үг бүхий хослолуудыг 3х3 талбайд ашиглавал Улаанбаатар шиг хэмжээтэй хотыг л хаягжуулахад хүрэлцэнэ. Харин гурав дахь үгийг нэмснээр дэлхийн газар нутгийн хэмжээнд яг тохирч байгаа юм. Дэлхийн газар нутгийн хэмжээ, гурван үгийн хослол хоорондоо яг тохирч байгаа юм.
-Төөрч будилахгүйгээр шууд зөв газартаа очно гэдэг хэмнэлттэй байх нь мэдээж?
-UPS компанийн хийсэн дотоод тооцоогоор шуудангийн үйлчилгээ хүргэж буй нэг жолооч өдөрт нэг милл буюу 1.4 км зам хэмнэснээр компани нь жилдээ 50 сая ам.долларын үргүй зардлаас сэргийлж чаддаг байна. Хүргэлтийн ажилтан замдаа төөрнө гэдэг бизнесийн хувьд асар их өртөгтэй. Материаллаг өртгөөс гадна үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж буурна. Нэг пицца хүргүүлэхийн тулд жолоочтой дөрвөн удаа утсаар ярьж эсвэл пицца чинь таныг олох гэсээр замдаа хөрсөн байвал дараагийн удаа гэртээ захиалахгүй шүү дээ.
-Байгуулагдсанаас хойш буюу сүүлийн таван жилд танай компани хэр тэлэв?
-Сүүлийн нэг жил хагаст манай компанийн өсөлтийн мөчлөг тохиолоо. Өнгөрсөн тавдугаар сараас бид Монголын зах зээлд чиглэсэн маркетингийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээрийн нэг нь Playtime наадам байсан. Playtime- аас эхлээд манай үйлчилгээг монгол хэрэглэгчид өнгөрсөн зуны турш идэвхтэй ашигласан. Хөдөө орон нутагт ч, хот суурин газарт ч ялгаагүй. Beauty Secrets, Songo зэрэг хүргэлтийн үйлчилгээний компаниудтай хамтарч байна. White Friday арга хэмжээнд маань онлайн худалдааны есөн компани оролцсон. Бизнесийн хамтын ажиллагаагаараа дамжуулан илүү олон харилцагч татахад одоогоор анхаарч байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй